- АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп уран, зэс, алт зэрэг стратегийн ач холбогдолтой ашигт малтмалын дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх тухай захирамжид гарын үсэг зурлаа.
- Түүнчлэн АНУ-ын Олон улсын Хөгжлийн Санхүүжилтийн Корпорац Батлан хамгаалах яамтай хамтран стратегийн ашигт малтмалын шинэ төслүүдийг санхүүжүүлэх тусгай хуваарилалт хийх тухай албаныхан мэдээллээ.
- Дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх нь гадаад эх үүсвэрээс хамааралтай байдлыг бууруулж, дэлхийн нийлүүлэлтийн сүлжээнд өөрчлөлт оруулж болзошгүй юм.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп уран, зэс, алт зэрэг стратегийн ач холбогдолтой ашигт малтмалын дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх тухай захирамжид гарын үсэг зурлаа.
Трампын тушаалаар холбооны агентлагууд ашигт малтмалын хүлээгдэж буй төслүүдийн жагсаалтыг гаргаж, тэдгээрийг Дотоод хэргийн сайд Даг Бургумын тэргүүлдэг Үндэсний Эрчим Хүчний Ноёрхлын Зөвлөлтэй хамтран хянан шалгах ажлыг хурдасгах ёстой гэж Цагаан ордны төлөөлөгч мэдээллээ.
Мөн тус улсын Ерөнхийлөгч Бургумыг холбооны газрууд дахь стратегийн ашигт малтмалын олборлолтыг бусад үйл ажиллагаанаас дээгүүр тавихыг үүрэг болгосон байна.
Түүнчлэн АНУ-ын Олон улсын Хөгжлийн Санхүүжилтийн Корпорац Батлан хамгаалах яамтай хамтран стратегийн ашигт малтмалын шинэ төслүүдийг санхүүжүүлэх тусгай хуваарилалт хийх тухай албаныхан мэдээллээ.
АНУ 2023 онд нийт зэсийн 46 хувийг, поташийн 91 хувийг импортоор авчээ. Мөн 2023 онд АНУ-ын цөмийн цахилгаан станцууд реакторын түлш үйлдвэрлэхэд ашиглагддаг ураны баяжмалын 99 хувийг гадаадаас импортолсон гэж тус улсын Эрчим хүчний мэдээллийн газар мэдээлжээ.
АНУ эдгээр ашигт малтмалын хувьд импортоос ихээхэн хамааралтай бөгөөд голчлон Хятад, Орос, Канад зэрэг орнуудаас нийлүүлэлтээ хангадаг байна. Дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх нь гадаад эх үүсвэрээс хамааралтай байдлыг бууруулж, дэлхийн нийлүүлэлтийн сүлжээнд өөрчлөлт оруулж болзошгүй юм.
Түүнчлэн хэрэв тус улс дотоодын олборлолтыг их хэмжээгээр нэмэгдүүлбэл уран, зэс, поташ зэрэг ашигт малтмалын ханш дэлхийн хэмжээнд хэлбэлзэх эрсдэлтэйг шинжээчид тэмдэглэж байна.