- АНУ-ын Ерөнхийлөгчийн тарифын хатуу бодлогын эсрэг Азийн орнууд эрчим хүч, тэр дундаа шингэрүүлсэн байгалийн хийн импортыг хэлэлцээнийхээ гол хөзөр болгон ашиглаж эхэллээ.
- Хятадаас бусад орнууд тарифын шийдвэрийн сөрөг нөлөөг бууруулах зорилгоор хэлэлцээнд идэвхтэй оролцож байна.
- Автомашины салбарт тохиролцоонд хүрэх нь илүү төвөгтэй байна.

Худалдааны өндөр тариф тогтоосны дараа түнш орнуудтайгаа хэлэлцээ хийж эхэлсэн гэдгээ Трампын засаг захиргаа удаа дараалан мэдэгдэж буй. Гэхдээ явц ямар байгаа болон ямар сэдвүүд дээр төвлөрч буйгаа хэвлэлд нээлттэй ярихгүй байгаа юм. Тэгвэл олон улсын худалдааны зөрчил хурцдаж буй энэ үед Азийн орнууд болон АНУ-ын хоорондын стратегийн хэлэлцээг ойлгох нь чухал ач холбогдолтой.
Үйл явдлын өрнөл болон эх сурвалжуудын мэдээллийг дүгнэж харвал АНУ-ын Ерөнхийлөгчийн тарифын хатуу бодлогын эсрэг Азийн орнууд эрчим хүч, тэр дундаа шингэрүүлсэн байгалийн хийн импортыг хэлэлцээнийхээ гол хөзөр болгон ашиглаж эхэлсэн нь геополитикийн шинэ бодит байдал, эдийн засгийн харилцан сонирхолтой хамаарлыг тод харуулж байна. Тухайлбал, Аляскийн шингэрүүлсэн байгалийн хийн төсөл нь олон тэрбум ам.долларын өртөг бүхий эрчим хүчний хөрөнгө оруулалт төдийгүй гадаад бодлогын шинэ гарц болж, олон улсын хэлэлцээнд шийдвэрлэх нөлөө үзүүлж болзошгүй болжээ.
Үүний зэрэгцээ автомашин, хөдөө аж ахуй, батлан хамгаалахын салбарт тохиролцоо хийхэд бэрхшээлтэй байгаа нь гадаад худалдаанд улс төр, соёл, хэрэглээний онцлог ямар их нөлөөтэйг харуулж байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын төлөвлөж буй асар өндөр хэмжээний “харилцан” тарифын эсрэг сөрөг алхам хийхийн тулд Азийн орнууд эрчим хүчний салбарыг гол хөзөр болгож байна. Япон, Өмнөд Солонгос, Тайвань АНУ-аас шингэрүүлсэн байгалийн хий импортлохоо дахин баталсан бөгөөд энэ алхам нь хэлэлцээнд стратегийн ач холбогдолтой боллоо.
АНУ-ын Сангийн сайд бөгөөд тарифын хэлэлцээний гол тоглогч Скотт Бессент “Индонез, Вьетнам, Энэтхэг зэрэг олон улс хэлэлцээ эхлүүлээд байгаа” хэмээн мэдэгдсэн. АНУ дөрөвдүгээр сард 90 хоногийн хугацаатайгаар зарим тарифын төлөвлөгөөг хойшлуулахаа зарласнаас хойш Хятадаас бусад олон орон уг шийдвэрийн сөрөг нөлөөг бууруулах зорилгоор хэлэлцээнд идэвхтэй оролцож байна.
Азийн орнуудын хувьд эрчим хүчний хэрэглээ өсөж, нүүрснээс татгалзах бодлогын хүрээнд байгалийн хий илүү эрэлттэй болоод буй. Япон, Өмнөд Солонгос, Тайвань зэрэг орнууд өнөөдөр ч байгалийн хийн томоохон импортлогчид бөгөөд Филиппин, Вьетнам нь 2023 оноос эхлэн шингэрүүлсэн байгалийн хий авдаг болсон юм. Харин Тайланд, Индонез импортоо өсгөхийг сонирхож байна.
Энэ чиг хандлага нь 40 гаруй тэрбум ам. долларын өртөгтэй Аляскийн байгалийн хийн төслийг урагшлуулах нөхцөл бүрдүүлж болзошгүй болжээ. Бессентийн хэлснээр Япон, Солонгос, Тайвань энэхүү төслийг санхүүжүүлэх талаар хэлэлцэж байгаа бөгөөд уг төсөл хэрэгжвэл Азийн зах зээл рүү тээвэрлэх хугацааг богиносгох онцлогтой аж. Одоогийн байдлаар АНУ Мексикийн булангаас экспорт хийдэг бөгөөд Панамын сувгаар дамжин хүрэх нь өртөг болоод хугацааны хувьд хүндрэлтэй юм.
Тайвань, Өмнөд Солонгосын төрийн байгууллагууд Аляскийн төслийн хүрээнд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан байна. Харин автомашины салбарт тохиролцоонд хүрэх нь илүү төвөгтэй байгаа аж. Трамп “Японд Америкийн машин бараг алга” гэж шүүмжилдэг төдийгүй Японы зах зээлд гадны автомашиныг хязгаарладаг стандарт, дүрэм журам байгаад сэтгэл дундуур буйгаа илэрхийлсэн. ITC буюу Олон улсын худалдааны төвийн дүн мэдээгээр Япон улс хэрэв АНУ руу гаргадаг автомашины худалдаагаа зогсоовол зөвхөн нэг жилд гэхэд 17 тэрбум ам.долларын алдагдал хүлээх юм. Ослын туршилтын дүрмийг зөөллөх, баримт бичгийн шаардлагыг хялбаршуулах зэрэг арга зам санал болгох талаар одоогоор яригдаж байгаа ч хэрэглэгчдийн зан байдал, зах зээлийн хэмжээ зэрэг нь амархан өөрчлөгдөхгүй гэж шинжээчид үзэж байна.
Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний хувьд АНУ тарифаа бууруулах замаар экспортоо нэмэгдүүлэхийг зорьж байгаа ч Японы дотоодын тариаланчдын эсэргүүцэл, сонгуулийн өмнөх улс төрийн эмзэг байдал нь тохиролцоог удаашруулж болзошгүй байна. Японы эрх баригчид будаа, эрдэнэшиш, шар буурцгийн тарифыг хэсэгчлэн чөлөөлөх талаар хэлэлцэж байгаа ч бүрэн нээлттэй болох магадлал бага байна.
Мөн хөлөг онгоцны үйлдвэрлэл нь АНУ-ын үндэсний аюулгүй байдалтай холбогдсоноор хэлэлцээний стратегийн нэг хэсэг болж байгаа юм. Ройтерс агентлагийн мэдээлснээр Өмнөд Солонгосын Hyundai Heavy Industries, АНУ-ын Huntington Ingalls компаниуд хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан бөгөөд ингэснээр батлан хамгаалахын салбарт хамтрах бололцоо нээгдэж байна. Hyundai Heavy Industries компани нь дэлхийн хөлөг онгоцны үйлдвэрлэлийн 10 хувийг эзэлдэг томоохон тоглогч учраас энэхүү хэлцэл нь хоёр талд онцгой ач холбогдолтой юм.
Харин аюулгүй байдлын зардалтай холбоотойгоор Японоос АНУ-ын Японд байрладаг цэргийн зардлыг нэмэгдүүлэхийг шаардсан ч “цэргийн асуудал нь худалдаатай холбоогүй” хэмээн санал зөрөлджээ. Тайвань ч АНУ-тай худалдааны алдагдлаа багасгах хүрээнд зэвсгийн шинэ худалдан авалт хийхээ Америкийн талд мэдэгдээд байгаа юм байна.
Сингапурын тал ч мөн хоцрохгүй идэвхтэй хэлэлцээ хийхийг оролдож буй юм. Сингапурын Шадар сайд бөгөөд Худалдааны сайд Ган Ким Ён болон АНУ-ын Худалдааны нарийн бичгийн дарга Ховард Лутник нар хоёр улсын худалдааны харилцаанд стратегийн шинэ чиглэл тогтоох зорилготой ярилцсан байна.
Хэлэлцээний хүрээнд Сингапурын тал АНУ руу эмийн бүтээгдэхүүний экспортыг өргөжүүлэх сонирхлоо илэрхийлж, энэ нь тус улсын өндөр чанартай эмийн үйлдвэрлэлийн салбарыг дэлхийн тэргүүлэх зах зээлд нэвтрүүлэх бодлогын үргэлжлэл болохыг онцлон тэмдэглэжээ. Үүнтэй зэрэгцэн Сингапур нь хиймэл оюун ухааны технологид тулгуурласан дижитал эдийн засгийн суурийг бэхжүүлэхийн тулд Америкийн өндөр хүчин чадалтай чипүүдэд найдвартай, тогтвортой хандалттай байх стратегийн ач холбогдлыг хөндөөд буй юм.