- Гэсэн хэдий ч эхний ээлжид Орос, АНУ харилцан итгэлцэл бий болгох ёстой гэж үзэж, дайныг эцэслэх тохиролцоонд хүрэхэд тодорхой хугацаа шаардлагатайг онцолсон байна.
- Саяхан Саудын Арабт болсон АНУ-ОХУ-ын хэлэлцээний үеэр Украины асуудал хөндөгдсөн ч гол анхаарал хоёр улсын итгэлцлийг нэмэгдүүлэхэд чиглэсэн гэж Путин тайлбарлажээ.
- АНУ-ын Гадаад харилцааны зөвлөлийн ерөнхийлөгч Майкл Фроман Украины асуудалд Европыг орхигдуулж болохгүйг анхааруулж, тус улсын эдийн засаг, аюулгүй байдлын ирээдүйд Европ голлох үүрэг гүйцэтгэхийг сануулжээ.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Украины асуудлаарх энхийн хэлэлцээнд Европын оролцоо зайлшгүй хэрэгтэй гэж мэдэгдлээ. Гэсэн хэдий ч эхний ээлжид Орос, АНУ харилцан итгэлцэл бий болгох ёстой гэж үзэж, дайныг эцэслэх тохиролцоонд хүрэхэд тодорхой хугацаа шаардлагатайг онцолсон байна.
Орос Украиныг эзлэн түрэмгийлснээс хойш гурван жилийн нүүрийг үзэж буй бөгөөд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп дайныг хэдхэн долоо хоногийн дотор дуусгах боломжтой гэж мэдэгдсэн ч дэлгэрэнгүй тайлбар хийгээгүй. Харин Путин түүнийг асуудалд бодитоор хандаж буй ч мөргөлдөөн түүний хүссэн шиг хурдан төгсөх магадлал бага гэж үзжээ.
Саяхан Саудын Арабт болсон АНУ-ОХУ-ын хэлэлцээний үеэр Украины асуудал хөндөгдсөн ч гол анхаарал хоёр улсын итгэлцлийг нэмэгдүүлэхэд чиглэсэн гэж Путин тайлбарлажээ. Иймээс эхний шатны яриа хэлэлцээнд Европыг оролцуулаагүй ч эцсийн тохиролцоонд хүрэх үед тэдний оролцоо зайлшгүй шаардлагатайг онцолсон байна.
АНУ-ын Гадаад харилцааны зөвлөлийн ерөнхийлөгч Майкл Фроман Украины асуудалд Европыг орхигдуулж болохгүйг анхааруулж, тус улсын эдийн засаг, аюулгүй байдлын ирээдүйд Европ голлох үүрэг гүйцэтгэхийг сануулжээ.
Үүнээс гадна Путин АНУ, Орос хоёр батлан хамгаалахын зардлаа 50 хувиар бууруулах талаар хэлэлцэхэд нээлттэй байгаагаа мэдэгдсэн бөгөөд хэрэв Хятад хүсвэл энэхүү тохиролцоонд нэгдэх боломжтойг дурдсан байна.
Мөн тэрбээр Трампын Украины асуудал дахь байр суурийн талаар тайлбарлахдаа, Трамп АНУ-ын өмнө өгсөн амлалтуудад баригдалгүй, Европын удирдагчдаас ялгаатай, илүү чөлөөтэй шийдвэр гаргаж байгаа гэжээ. Тэрбээр Трампыг бодит байдлыг тооцоолж, санаа бодлоо шулуухан илэрхийлдэг, гаргасан шийдвэрээ үйлдэл болгон хэрэгжүүлж чаддаг удирдагч гэж тодорхойлсон байна.