- Хятадын Худалдааны яам хоёр талын яриа хэлэлцээ огт байхгүйг ил тод мэдэгдэв.
- АНУ-аас тавьсан 145 хувийн тарифыг цуцлахгүй бол Бээжин хэлэлцээ эхлэхгүй гэв.
- Хятадын эдийн засгийн өсөлтийн төлөвийг хөрөнгө оруулалтын банкууд буурууллаа.

Бээжингээс өнөөдөр мэдэгдэл гаргаж АНУ-тай эдийн засаг, худалдааны ямар ч яриа хэлэлцээ одоогоор өрнөөгүй хэмээн албан ёсоор мэдэгдлээ. БНХАУ-ын Худалдааны яамны хэвлэлийн төлөөлөгч Хө Ядун “АНУ-тай одоо эдийн засгийн аливаа хэлэлцээ явагдахгүй байна” хэмээн онцолж, хоёр талын хооронд ахиц гарч байна гэх мэдээллийг үгүйсгэв.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Сангийн сайд Скотт Бессент нарын зүгээс худалдааны маргаан намжиж магадгүй гэсэн дохио өгсний дараа ийнхүү Бээжин эсрэг байр суурь илэрхийлсэн нь илүү хурц уур амьсгал бүрдүүлээд байна. Тодруулбал, Трамп тарифаа бууруулах талаар зөөлөн байр суурь илэрхийлсэн ч Хятад улс үүнийг хангалтгүй гэж үзэн яриа хэлэлцээ эхлэх цорын ганц нөхцөл нь “дангаар ногдуулсан бүх нэмэлт тарифыг бүрэн цуцлах” болохыг мэдэгджээ.
Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Гүө Жякун мөн “Хятад улс эрх тэгш байхыг шаардаж байгаа бөгөөд ийм нөхцөл бүрдсэн цагт л хэлэлцээ үргэлжилж магадгүй” хэмээн мэдэгдсэн нь Бээжингийн байр суурь эрсдэл үүсгэхүйц хэмжээнд хатуу хэвээр буйг харууллаа.
Хоёр улсын хооронд өрнөж буй худалдааны маргааныг дагалдан Хятад улс АНУ-д чиглэсэн түүхий эдийн экспортоо хумьж, дотоодын үйлдвэрлэл, хэрэглээг дэмжих шинэ бодлогын арга хэмжээг хэрэгжүүлж эхэлсэн. “The Economist Intelligence Unit”-ын Хятадын ахлах эдийн засагч Юэ Су-гийн дүгнэснээр Хятадын Засгийн газар уг асуудалд уян хатан бус, харин өөрийн эрх ашигт нийцүүлэн стратеги бодлогоо улам бүр тодорхой болгож байна гэжээ.
Эдийн засгийн энэхүү хурцадмал байдал нь олон улсын хөрөнгө оруулалтын томоохон банкуудын зүгээс БНХАУ-ын 2025 оны эдийн засгийн өсөлтийн төсөөллийг дахин бууруулах шалтгаан болоод байна. Хэрэв АНУ-ын тариф өндөр түвшинд хэвээр үргэлжилбэл хоёр талын итгэлцэл доройтож, Бээжин илүү хатуу байр суурь баримтлах хандлагатайг эдийн засагчид анхааруулж байна.