- Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг дөрөвдүгээр сарын 26-30-ны өдрүүдэд манай улсад албан ёсны айлчлал хийх гэж байна.
- Энэ онд Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ой тохиож байна.
- БНСУ-ын Үндэсний Ассамблейн даргын түвшинд 12 жилийн дараа хийж буй айлчлал нь хоёр улсын “Стратегийн түншлэл”-ийн харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой.

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн урилгаар Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг энэ сарын 26-30-ны өдрүүдэд манай улсад албан ёсны айлчлал хийнэ. Энэ онд Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ой тохиож байна.
Бүгд Найрамдах Солонгос Улс нь Монгол Улсын “гуравдагч хөрш”, бүс нутаг дахь ойр дотно түнш юм. Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн даргын түвшинд 12 жилийн дараа хэрэгжиж буй тус айлчлал нь хоёр улсын “Стратегийн түншлэл”-ийн харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой. Айлчлал хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан ойлголцлыг гүнзгийрүүлэх, дээд, өндөр түвшний айлчлал, яриа хэлэлцээний давтамжийг хадгалах, парламент хоорондын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд чиглэнэ.