- Хэрэглэгчдийн хувьд хиймэл оюуны технологи бүтээлч байдал, үр ашигтай байдлыг нэмэгдүүлэх ч давхар эрсдэл дагуулж болзошгүй.
- АНУ-ын Засгийн газар “DeepSeek”-ийг үндэсний аюулгүй байдалд заналхийлж байна хэмээн үзвэл, “TikTok”-той адил хориг тавих боломжтой хэмээн шинжээчид онцолжээ.
- Америкийн технологийн компаниуд “DeepSeek” зах зээлийг эзлэх аюултай гэж үзэн, Засгийн газрыг арга хэмжээ авахыг шахах төлөвтэй байна.

Дэлхий даяар хиймэл оюуны өрсөлдөөн эрчимжиж, томоохон ахиц дэвшил хаа сайгүй гарах талаар “Stevens Institute for Artificial Intelligence”-ийн захирал Брэндан Энглот мэдээллээ. Тэрбээр нээлттэй эхийн технологид суурилсан “DeepSeek”-ийн араас олон шинэ төсөл гарч ирж, хиймэл оюуны салбарт тун удахгүй дараагийн "тэсрэлтүүд" гарахыг онцолжээ.
Хэрэглэгчдийн хувьд хиймэл оюуны технологи бүтээлч байдал, үр ашигтай байдлыг нэмэгдүүлэх ч давхар эрсдэл дагуулж болзошгүй. "Нэгэнт мэдээллээ өгсөн бол дараа нь өөр зүйлд ашиглагдахыг тооцоолох хэрэгтэй" хэмээн мэргэжилтнүүд анхааруулжээ.
АНУ Хятадын хиймэл оюуны хөгжлийг сааруулах зорилгоор дэвшилтэт чипний экспортод хориг тавьсан ч энэ нь хангалтгүй байж магадгүй аж. Харин хориг тавихаас илүүтэй АНУ илүү хүчирхэг хиймэл оюуны загвар бүтээж Хятадыг гүйцэх хэрэгтэй гэв.
АНУ-ын Засгийн газар “DeepSeek”-ийг үндэсний аюулгүй байдалд заналхийлж байна хэмээн үзвэл, “TikTok”-той адил хориг тавих боломжтой хэмээн шинжээчид онцолжээ. Түүнчлэн Америкийн технологийн компаниуд “DeepSeek” зах зээлийг эзлэх аюултай гэж үзэн, Засгийн газрыг арга хэмжээ авахыг шахах төлөвтэй байна. "Хятад улс Америкийг зах зээлээсээ шахаж, өөрийн компаниудаа бойжуулсан. АНУ ч бас үүнээс суралцаж, хиймэл оюуны салбарт тэргүүлэх байр сууриа хадгалах ёстой" хэмээгээд буй аж.