bnr-0
2025 онд 83 сая тн нүүрс экспортлохоор төлөвлөж байна
09 сарын 17, 2024
ХУВААЛЦАХ
  • 2025 онд төрийн албан хаагчдын цалинг 6 хувиар нэмж, тэтгэврийг ч бас үе шатай нэмнэ.
  • 2025 онд 13400 өрх шинээр орон сууцанд орно.
  • Аж үйлдвэрийн салбарт татварын уян хатан бодлого баримтална.
Монгол Улс анх удаа 78.1 сая тонн нүүрс экспортлох зорилт тавилаа.

Монгол Улсын 2025 оны төсвийн төсөлд ирэх онд нийтдээ 32.8 тэрбум ам.долларын гадаад худалдаа хийж, худалдааны тэнцэл 4.9 тэрбум ам. долларын ашигтай гарна гэж төсөөлжээ. Энэ төсвийн орлогын гол бүрдүүлэгч нь нүүрсний экспорт юм. 2025 онд Хятадын гангийн үйлдвэрүүдэд нүүрсний хэрэгцээ өсөхийн хэрээр манайх экспортлох нүүрсний хэмжээгээ анх удаа 78,1 сая тн гэж төсөвт тусгаж өгчээ. Харин зэсийн баяжмалын экспортыг 1,8 сая тоннд хүргэх зорилт тавиад байна. Уул уурхайн гаралтай түүхий эдийн экспортын хэмжээг нэмэгдүүлэхийн зэрэгцээ бүсчилсэн хөгжил, ялангуяа аж үйлдвэрийн салбарын хөгжлийг хурдасгана гэж тооцоолж байна.Тухайлбал,аж үйлдвэрийн салбарыг дэмжихийн тулд, хувийн хэвшлээс бүсчилсэн хөгжлийн зорилтод нийцсэн томоохон хөрөнгө оруулалт хийхийг урамшуулж, төслийн бүтээн байгуулалтын шатанд хамгийн их дарамт болдог барилгын материал, тоног төхөөрөмжийн импортын гаалийн татварыг чөлөөлж, НӨАТ төлөх хугацааг 4 жилээр хойшлуулна. Мөн төслийн бүтээн байгуулалт хийгдсний дараа үл хөдлөх эд хөрөнгийн татварыг 0 хувь хүртэл бууруулах боломжийг бүрдүүлэх, орлого олж эхэлсэн эхний 5 жилд төлсөн орлогын татварын 90 хувийг буцаан олгож, 1 хувийн татварын ачаалалтай болгох зэргээр татварын цогц дэмжлэг үзүүлнэ.

Орон нутагт бүтээн байгуулалтыг дэмжиж, иргэдийг нутагтаа сайхан амьдрах  боломжийг бүрдүүлэхэд хуримтлалын сангуудын хөрөнгийг зарцуулна. Үндэсний орон сууцны корпорацыг байгуулж “Миний анхны байр”, “Миний амины орон сууц”, “Миний сонголт орон нутаг”, “Миний сонголт төрийн алба” болон “Миний түрээсийн орон сууц” гэсэн иргэдийг орон сууцжуулах таван багц арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна. 2025 оны улсын төсвийн төсөлд нийт 93.5 тэрбум төгрөгийг орон сууцжуулахад зарцуулж, хот хөдөөд нийт 13400 орчим өрх шинээр байртай болно гэжээ.

Мөн цалин тэтгэвэр, тэтгэмжийг ч нэмэгдүүлэхээр төсвийн төсөлд тусгаж өгчээ. Улсын хэмжээнд ажиллаж байгаа 226 мянган төрийн албан хаагчийн цалинг инфляцтай уялдуулан 6 хувиар нэмэхээр, харин тэтгэврийг үе шатай нэмэгдүүлж, дундаж тэтгэврийн хэмжээ 875 мянган төгрөгт хүрнэ. Нийгмийн халамжийн тэтгэмжийг мөн зургаан хувиар нэмнэ гэж тооцож байна.

mobile-logo