- “Norges Bank Investment Management” энэ оны эхний улиралд 415 тэрбум крон буюу 40 тэрбум ам.долларын алдагдал хүлээснээ тайлагналаа.
- Нийт хөрөнгө оруулалтын 70 хувийг үнэт цаасанд оруулсан нь 1.6 хувийн алдагдал хүлээсэн гэж мэдэгдлээ.
- Зөвхөн гуравдугаар сард л гэхэд технологийн гигантуудын зах зээлийн үнэлгээ 2.7 их наяд ам.доллараар буураад байна.

Дэлхийн хамгийн том баялгийн сан – “Norges Bank Investment Management” энэ оны эхний улиралд 415 тэрбум крон буюу 40 тэрбум ам.долларын алдагдал хүлээснээ тайлагналаа.
“Нэгдүгээр улиралд зах зээл их хэмжээний савлагаатай байлаа. Үнэт цаасны хөрөнгө оруулалт сөрөг өгөөжтэй байсны дийлэнхийг нь технологийн салбарын хувьцаанууд бүрдүүлж байна” хэмээн гүйцэтгэх захирал Николай Танген мэдэгдэлдээ тодотгожээ.
Сангийн нийт хөрөнгө гуравдугаар сарын эцэст 18.53 их наяд крон хүрсэн ба нийт хөрөнгө оруулалтын 70 хувийг үнэт цаасанд оруулсан нь 1.6 хувийн алдагдал хүлээсэн гэж тайлагнаад буй. Хувьцаанаас гадна тогтмол орлоготой үнэт цаасны хөрөнгө оруулалт сангийн нийт хөрөнгө оруулалтын портфолиод 27.7 хувийг бүрдүүлдэг ба нэгдүгээр улиралд 1.6 хувийн өгөөжтэй байжээ. Харин мөн хугацаанд үл хөдлөх хөрөнгийн өгөөж нь 2.4 хувиар дээшилжээ.
1990-ээд онд Норвегийн газрын тос, байгалийн хийн салбарын орлогыг хуримтлуулах замаар байгуулсан NBIM (Norges Bank Investment Management) дэлхийн хамгийн том баялгийн санд тооцогддог ба дэлхийн 63 улсад нийт 8600 компанид хөрөнгө оруулсан байдаг. АНУ-ын технологийн гигантуудад хөрөнгө оруулснаас, Meta, Alphabet, Amazon, Nvidia, Tesla, Microsoft компанид голлох хувьцаа эзэмшигчид тооцогддог. Зөвхөн гуравдугаар сард л гэхэд технологийн гигантуудын зах зээлийн үнэлгээ 2.7 их наяд ам.доллараар буураад байгаа юм.
Энэ оны эхээр NBIM-ийн ашиг 222 тэрбум ам.долларын түүхэн дээд түвшинд хүрснээ мэдээлж, түүнийг хиймэл оюуны тэсрэлт, түүнд суурилсан технологийн хувьцаануудын раллитай холбон тайлбарлаж байсан юм.