bnr-0
“Waymo”-ийн робот такси долоо хоногт 250 мянган хүнд үйлчилж байна
04 сарын 25, 2025
ХУВААЛЦАХ
  • Энэ нь хоёрдугаар сард 200,000 байсан үзүүлэлтээс өссөн дүн бөгөөд Сан Франциско дахь үйл ажиллагаагаа өргөжүүлсэнтэй холбоотой хэмээв.
  • “Waymo” ирээдүйд жолоочгүй тээврийн хэрэгслээ хувь хүмүүст өмчлүүлэх, хувийн хэрэгцээнд ашиглах боломжийг нээлттэй судалж байгаа.
  • “Tesla” компани энэ оны зургадугаар сард Model Y загварын автомашинаа робот такси болгон ашиглах төлөвлөгөөтэй байгаагаа мэдэгдээд байна.
“Waymo” нь АНУ-д жолоочгүй такси үйлчилгээг арилжааны нөхцөлөөр нэвтрүүлсэн анхдагчдын нэг.

“Alphabet” компанийн бүрэн автомат жолоодлоготой тээврийн хэрэгслийн салбар болох “Waymo” АНУ-д долоо хоногт 250,000 удаа робот такси үйлчилгээг төлбөртэйгээр үзүүлж байгаагаа мэдээллээ. Энэ нь хоёрдугаар сард 200,000 байсан үзүүлэлтээс өссөн дүн бөгөөд Сан Франциско дахь үйл ажиллагаагаа өргөжүүлж, гуравдугаар сард Остин хотод тэлсэнтэй холбоотой хэмээн онцолсон байна.

Одоогоор “Waymo” Сан Франциско, Лос Анжелес, Финикс болон Остин хотод жолоочгүй, арилжааны зориулалттай такси үйлчилгээ нэвтрүүлээд байна. Ирэх зун Атланта хотод мөн ижил үйлчилгээ нээхээр төлөвлөж байгаа аж.

“Alphabet”-ийн гүйцэтгэх захирал Сундар Пичай “Waymo” ирээдүйд жолоочгүй тээврийн хэрэгслээ хувь хүмүүст өмчлүүлэх, хувийн хэрэгцээнд ашиглах боломжийг нээлттэй судалж байгаа гэдгийг онцлов. Мөн Uber, автомашин үйлдвэрлэгчид болон засвар үйлчилгээний байгууллагуудтай түншлэл байгуулж, хамтран ажиллаж байгаа бөгөөд үйл ажиллагаагаа өргөжүүлэхэд хамтын ажиллагаа чухал гэдгийг онцолжээ.

“Waymo” нь АНУ-д жолоочгүй такси үйлчилгээг арилжааны нөхцөлөөр нэвтрүүлсэн анхдагчдын нэг бөгөөд “Tesla” тэргүүтэй өрсөлдөгчдөөсөө түрүүлж зах зээлд амжилттай нэвтэрсэн юм.

Харин “Tesla” компанийн хувьд одоогоор бүрэн автомат жолоодлоготой автомашин нэвтрүүлээгүй байгаа ч энэ оны зургадугаар сард Model Y загварын автомашинаа робот такси болгон ашиглах төлөвлөгөөтэй байгаагаа мэдэгдээд байна.

“Waymo”-ийн өрсөлдөгчид дунд “Amazon”-ийн эзэмшдэг Zoox, Mobileye, May Mobility, мөн БНХАУ-ын WeRide болон Baidu-ийн Apollo Go зэрэг компани багтаж байна.   

mobile-logo