bnr-0
Технологийн компаниуд хөрөнгийн зах зээлийг өсгөлөө
04 сарын 25, 2025
ХУВААЛЦАХ
  • “Nvidia”, “Meta”, “Amazon”, “Tesla”, “Microsoft” зэрэг технологийн гигантуудын хувьцааны ханш ханш өссөн нь энэ өсөлтөд голлон нөлөөлжээ.
  • Олон улсын валютын сан 2025 оны Азийн бүс нутгийн эдийн засгийн өсөлтийн төсөөллөө 4.6 хувиас 3.9 хувь болгон бууруулаад буй.
  • Хөрөнгийн зах зээлд АНУ, Хятадын хоорондын худалдааны хэлэлцээний талаар эерэг дохио гарах болов уу гэсэн хүлээлт байсан ч Хятадын Худалдааны яам “одоогоор ямар ч хэлэлцээ яригдаагүй” хэмээн мэдэгджээ.
АНУ-ын хөрөнгийн зах зээл пүрэв гарагт дараалан гурав дахь өдрөө өсөлттэй хаагдлаа.

АНУ-ын хөрөнгийн зах зээл пүрэв гарагт дараалан гурав дахь өдрөө өсөлттэй хаагдлаа. “Nvidia”, “Meta”, “Amazon”, “Tesla”, “Microsoft” зэрэг технологийн гигантуудын хувьцааны ханш ханш өссөн нь энэ өсөлтөд голлон нөлөөлжээ. Үүний үр дүнд S&P 500 индекс 2.03 хувиар өсөж 5,484.77-д, Nasdaq 2.74 хувиар дээшилж 17,166.04 нэгжид хүрсэн бол Dow Jones индекс 1.23 хувийн өсөлт үзүүлж, 40,000 нэгжийг даван 40,093.40 дээр хаагдлаа.

Хөрөнгийн зах зээлд АНУ, Хятадын хоорондын худалдааны хэлэлцээний талаар эерэг дохио гарах болов уу гэсэн хүлээлт байсан ч Хятадын Худалдааны яам “одоогоор ямар ч хэлэлцээ яригдаагүй” хэмээн мэдэгдэж, АНУ-ыг нэг талыг барьсан тарифуудаа цуцлахыг уриалжээ. Гэсэн хэдий ч АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент “Ирэх долоо хоногт Өмнөд Солонгостой харилцан ойлголцож, тохиролцоонд хүрч магадгүй” хэмээн мэдэгдсэн нь хөрөнгө оруулагчдын итгэлийг нэмэгдүүлжээ.

Энэ сард зах зээл уналттай эхэлсэн ч индексүүд сүүлийн өдрүүдэд тогтмол өсөж буй нь хөрөнгө оруулагчдын хандлагад эерэг нөлөө үзүүлж байна. Хэдийгээр шинжээчид эдийн засгийн өсөлт удааширч, хямралын эрсдэл нэмэгдэж буйг анхааруулж байгаа ч “Amazon”, “Nvidia” зэрэг технологийн компани хиймэл оюуны дата төвийн эрэлт өндөр хэвээр байгааг онцолж, энэ нь салбарын өсөлтийн найдвар болсон хэвээр байна.

Харин АНУ-ын Холбооны нөөцийн банк тарифын нөлөөлөл, эдийн засгийн бодит өөрчлөлтийг бүрэн дүгнэх хүртэл бодлогын хүүг бууруулах шийдвэрийг хойшлуулж магадгүй гэж мэдэгджээ.

Олон улсын валютын сан 2025 оны Азийн бүс нутгийн эдийн засгийн өсөлтийн төсөөллөө 4.6 хувиас 3.9 хувь болгон бууруулсан бөгөөд худалдааны бодлогын тодорхойгүй байдал нь бүс нутгийн эдийн засагт томоохон сорилт болж байгааг онцолсон байна.

АНУ-ын орон сууцны зах зээлд ч уналт ажиглагдаж байна. Үл хөдлөх хөрөнгийн борлуулалт гуравдугаар сард сүүлийн 15 жилийн доод түвшинд хүрсэн ч орон сууцны үнэ шинэ дээд түвшинд хүрч, дунджаар 403,700 ам.доллар болж өссөн байна.

Хөрөнгө оруулагчид худалдааны зөрчил, инфляц, бодлогын хүү, эдийн засгийн хямрал зэрэг олон хүчин зүйлийн дунд болгоомжтой байж, зах зээлийн хөдөлгөөнд мэдрэмжтэйгээр хандаж байна.   

mobile-logo