- Улсын хэмжээнд тариалалт өнгөрсөн оны гүйцэтгэлтэй харьцуулахад 10.5 хувиар буурчээ.
- Нийт хүн амын улаанбуудайн хэрэглээний 64 хувь, төмсний 72.8 хувь, хүнсний ногооны 62.5 хувийг дотоодоос хангана.
- Бэлчээрийн өвс, байгалийн хадлан бэлтгэж экспортлохыг Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар хэлэлцэн хориглолоо.

2025 онд улсын хэмжээнд 312.8 мянган га-д үр тариа, үүнээс 272.8 мянган га-д улаанбуудай, 12.9 мянган га-д төмс, 15.9 мянган га-д хүнсний ногоо тарьжээ. Малын тэжээл, тосны ургамлын тариалалтыг оролцуулан тооцвол нийт 577.5 мянган га-д тариалалт хийлээ. Үүнийг өнгөрсөн оны гүйцэтгэлтэй харьцуулахад 10.5 хувиар тариалалт буурсан үзүүлэлт юм.
Ургацын урьдчилсан балансаар 276.4 мянган тонн үр тариа, үүнээс 255.5 мянган тонн улаанбуудай, 88.3 мянган тонн төмс хураан авах төлөв гарчээ. Өөрөөр хэлбэл, энэ жил нийт хүн амын хэрэгцээний улаанбуудайн 64 хувь, төмсний 72.8 хувь, хүнсний ногооны 62.5 хувийг тус тус дотоодын ургацаар хангахаар байна.
Түүнчэн 100.5 мянган тонн малын тэжээлийн ургамал хураан авах тооцоо гарчээ. Бэлчээрийн ургамлын гарц, гангийн зураглалын мэдээллээс харахад 2025-2026 оны өвөлжилт, хаваржилт хүндрэх эрсдэлтэй байгааг мэргэжлийн байгууллагууд онцолж буй. Тиймээс бэлчээрийн өвс, байгалийн хадлан бэлтгэж экспортлохыг Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар хэлэлцэн хориглолоо.