bnr-0
Хөдөө аж ахуйн корпорац, Хөдөө аж ахуйн бирж Дархан-Уул аймагт шилжин иржээ
17 цагийн өмнө
ХУВААЛЦАХ
  • Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймаг буюу төвийн бүсийг “Хөдөө аж ахуйн төрөлжсөн, аж үйлдвэрийн дэд бүс” болгохоор төлөвлөсний дагуу ХХААХҮЯ үе шаттай Дархан-Уул аймагт шилжиж байна.
  • Хүнс, хөдөө аж ахуйн салбарт ирэх таван жилд 1.7 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт, санхүүжилт хийхээр шийдвэрлэжээ.

Хөдөө аж ахуйн корпорац нь хуучнаар Тариалан эрхлэлтийг дэмжих сан. Харин  Хөдөө аж ахуйн биржийг 2013 онд тухайн үеийн салбарын сайдын ноолуур, ноос, амьд мал, үр тариа биржээр арилжаалах тухай анхны тушаалыг гаргаснаар үндэс суурь нь байгуулагдсан гэж үздэг.

Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймаг буюу төвийн бүсийг “Хөдөө аж ахуйн төрөлжсөн, аж үйлдвэрийн дэд бүс” болгохоор төлөвлөсөн.

Энэ хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамыг Дархан-Уул аймагт шилжүүлэх шийдвэр гаргасан аж. Энэ шийдвэр үе шаттай хэрэгжиж, яамны бүрэлдэхүүний эхний ээлжид  Хөдөө аж ахуйн корпорац, Хөдөө аж ахуйн бирж Дархан-Уулд шилжин иржээ.

Салбарын сайд Ж.Энхбаяр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам Дархан-Уул аймагт шилжсэнээр хөрөнгө оруулалтыг төвийн бүс рүү чиглүүлж, хүнс, хөнгөн үйлдвэрийн кластерууд, бусад төрлийн үйлдвэрлэлийг төвийн бүсэд хөгжүүлнэ гэж хэвлэлд өгсөн ярилцлагадаа онцолсон.

Тус яам тариалангийн эргэлтийн талбайг 200 мянган га-гаар нэмэгдүүлэхээр төлөвлөжээ. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ирэх таван жилд гол нэр төрлийн 19 хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах зорилт дэвшүүлсэн. Мөн хүнс экспортлогч орон болгохын тулд “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг санаачлан хэрэгжүүлж байна.

Үндэсний хөдөлгөөнийг амжилттай хэрэгжүүлж, бодит үр дүнд хүргэх зорилгоор Монгол Улсын Их Хурал гучин зургаадугаар тогтоолыг баталж, хүнс, хөдөө аж ахуйн салбарт ирэх таван жилийн хугацаанд 1.7 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт, санхүүжилт хийхээр шийдвэрлэжээ.  

mobile-logo