bnr-0
Трамп Оросын эсрэг хориг тавьж, гаалийн татвараа нэмнэ хэмээн анхаарууллаа
01 сарын 23, 2025
ХУВААЛЦАХ
  • Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын тал Украины эсрэг хийж буй гурван жил үргэлжилсэн мөргөлдөөнөө зогсоохгүй бол хатуу хориг арга хэмжээ авч, Оросоос АНУ болон бусад оронд экспортолж буй бараанд гаалийн өндөр татвар ногдуулна хэмээн мэдэгдлээ.
  • Тэрбээр дахин сонгогдвол 24 цагийн дотор энэ дайныг зогсооно гэж амлаж байсан. Гэвч тангараг өргөснөөс хойш тэр зорилгоо биелүүлж амжаагүй байна.
  • Украины Ерөнхийлөгч Володимир Зеленскийгийн мэдээлснээр, 2022 оны хоёрдугаар сард эхэлсэн энэ мөргөлдөөнд 43,000 гаруй украин цэрэг, 198,000 орос цэрэг амиа алджээ.
Трамп “Truth Social” платформд нийтэлсэн мэдэгдэлдээ ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинийг нэр дурдан, галаа зогсоохыг уриалжээ.

Ерөнхийлөгч Дональд Трамп лхагва гарагт Оросын тал Украины эсрэг хийж буй гурван жил үргэлжилсэн мөргөлдөөнөө зогсоохгүй бол хатуу хориг арга хэмжээ авч, Оросоос АНУ болон бусад оронд экспортолж буй бараанд гаалийн өндөр татвар ногдуулна хэмээн мэдэгдлээ.

Трамп “Truth Social” платформд нийтэлсэн мэдэгдэлдээ ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинийг нэр дурдан, “Хэлэлцээр хийж, энэ дайныг дуусгая. Цаашид нэг ч хүний амь үрэгдэх ёсгүй” хэмээн уриалжээ.

Мөн тэрбээр өөрийнх нь засаглалын үед дайн эхлэхгүй байсан талаар онцлон дурдсан бөгөөд дахин сонгогдвол 24 цагийн дотор энэ дайныг зогсооно гэж амлаж байсан. Гэвч тангараг өргөснөөс хойш тэр зорилгоо биелүүлж амжаагүй байна.

“Би Оросын ард түмнийг хүндэлдэг, тэдэнд хор хөнөөл учруулахыг хүсэхгүй байна. Гэхдээ Оросын эдийн засаг уналтад орж буй энэ цаг үед галаа зогсоож, дайныг дуусгах нь тэдний өөрсдийнх нь сайн сайханд хэрэгтэй. Эс бөгөөс байдал улам бүр хүндэрнэ” хэмээн Трамп анхааруулжээ.

Украины Ерөнхийлөгч Володимир Зеленскийгийн мэдээлснээр, 2022 оны хоёрдугаар сард эхэлсэн энэ мөргөлдөөнд 43,000 гаруй украин цэрэг, 198,000 орос цэрэг амиа алдсан байна. Шархдаж, бэртсэн цэргүүдийн тоо хэдэн зуун мянгаар хэмжигдэж байгаа аж.   

mobile-logo