bnr-0
Ахмадын тэтгэврийн зээлийг тэглэх шийдвэр дахиж гарахгүй
01 сарын 23, 2025
ХУВААЛЦАХ
  • Л.Энх-Амгалан: Дахиж ахмадуудын тэтгэвэр барьцаалсан зээлийг төр, засгаас тэглэх шийдвэр гарахгүй.
  • ГБХНХЯ: Цаашид зээл олгох хугацааг 2 жилээс 1 жил болгож бууруулбал зээл авах иргэдийн тоо буурах магадлалтай.
  • Нийт ахмадуудын 60 хувь нь тэтгэврээ барьцаалсан зээлтэй гэсэн судалгаа гарчээ.

Сар шинийн баяр дөхөнгүүт ахмадууд тэтгэврийн зээл авах нь эрс нэмэгддэг. Ахмадуудын тэтгэврийн зээлийг тэглэх шийдвэр гаргахаас өмнө нийт ахмадуудын 80 хувь нь тэтгэврийн зээлтэй гэсэн тооцоо судалгаа байсан. Сүүлийн жилүүдэд нийт ахмадуудын 60 хувь нь тэтгэврээ барьцаалсан зээлтэй гэсэн судалгаа гарчээ. Дахиж ахмадуудын тэтгэвэр барьцаалсан зээлийг төр, засгаас тэглэх асуудал гарахгүй учраас ахмадууд их хэмжээний зээлтэй байх нь тэдэнд ямар олон эрсдэл бий болгож байгааг анхаарах хэрэгтэй гэж салбарын сайд нь албан ёсоор мэдэгдлээ. 

Мөн цаашид зээл олгох хугацааг 2 жилээс 1 жил болгож бууруулбал зээл авах иргэдийн тоо буурах магадлалтай. Энэ оны нэгдүгээр сарын 1-нээс тэтгэвэр 6 хувиар нэмэгдсэн. Тэтгэврийн дундаж хэмжээ 680- 737 мянган төгрөг орчим байна. Тэтгэвэр авч байгаа нийт ахмадуудын 60 орчим хувь нь тэтгэврийн хамгийн доод хэмжээгээр тэтгэвэр авч байна. Цаашдаа тэтгэврийн шинэчлэл хийх юм бол ахмадууд ганцхан эх үүсвэрээр тэтгэвэр авдаг байх биш олон эх үүсвэрээр тэтгэвэр авдаг ийм тогтолцоо руу шилжих зорилт тавьж байна гэжээ. 

Харин албан хүчээр буюу хүүхдүүдийнхээ шахалтаар тэтгэврийн зээл авч байгаа ахмадууд олон байгаа тул цаашид үүнийг хүний эрхийн зөрчил гэж үзэх нь зүйтэй. Угаасаа тэтгэвэр амьдралд бүрэн хүрэлцэхгүй байхад нэмж зээл авахуулаад мөнгийг нь бүгдийг нь ашиглана гэдэг өөрөө гэмт хэрэг. Иймд ГБХНХЯ-аас арилжааны банкуудад тэтгэврийн зээлийн судалгааг нягт хийх, үнэхээр албан шахалтаар зээл авах гэж байгаа бол татгалзах хүртэл хариу арга хэмжээ авахыг хүсчээ.   

mobile-logo