bnr-0
Улаанбаатар хотод Дональд Трамп айлчилж магадгүй
01 сарын 29, 2025
ХУВААЛЦАХ
  • Сүүлийн үед АНУ-Хойд Солонгосын харилцааны уур амьсгал дахин эерэг тийш эргэж, дээд хэмжээний уулзалт зохион байгуулах тухай яриа дэлхийн улс төрийн хүрээнд хөндөгдөж эхэллээ.
  • Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот энэ уулзалтыг зохион байгуулах хамгийн тохиромжтой газрын нэг хэмээн судлаачид болон шинжээчид дүгнэж байна.
  • Ирэх сард БНСУ-д өрнөж магадгүй улс төрийн өөрчлөлт болон АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын байр суурь нь Пхеньянтай харилцаагаа шинэ түвшинд гаргах боломжийг нэмэгдүүлж байна.
Трампын засаг захиргаа Хойд Солонгосын байр суурийг олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөх талаар бодлогоо өөрчлөх магадлалтайг шинжээчид онцолж байна.

Сүүлийн үед АНУ-Хойд Солонгосын харилцааны уур амьсгал дахин эерэг тийш эргэж, дээд хэмжээний уулзалт зохион байгуулах тухай яриа дэлхийн улс төрийн хүрээнд хөндөгдөж эхэллээ. Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот энэ уулзалтыг зохион байгуулах хамгийн тохиромжтой газрын нэг хэмээн судлаачид болон шинжээчид дүгнэж байна.

АНУ-БНСУ-ын яриа хэлэлцээ ба бүс нутгийн нөхцөл байдал

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио, БНСУ-ын Гадаад хэргийн сайд Жу Тэ Ёль нар энэ сарын 22-нд утсаар ярилцаж, Энэтхэг-Номхон далайн бүсийн сорилтууд, мөн Хойд Солонгосын цөмийн хөтөлбөрийн талаар хамтран ажиллах тухай хэлэлцсэн. Энэ нь бүс нутгийн нөхцөл байдлыг зөөллөхөд чиглэсэн хүчин чармайлт гаргаж буйг харуулж байна. Гэвч БНСУ-ын “хатуу бодлого” баримталдаг Ерөнхийлөгч Юн Сок Ёлын засаглал нь АНУ-Хойд Солонгосын хоорондын яриа хэлэлцээнд үл ойлголцол үүсгэж болзошгүйг шинжээчид онцолжээ.

Үүнээс гадна нэгдүгээр сарын 21-нд Вашингтонд болсон Quad-ийн Гадаад хэргийн сайд нарын уулзалтын тайланд “Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах” тухай дурдагдаагүй нь анхаарал татав. Энэ нь өмнөх уулзалтуудын тайлангаас эрс ялгаатай байлаа.

Ирэх сард БНСУ-д болж магадгүй улс төрийн өөрчлөлт (Ерөнхийлөгчийн сонгууль) болон АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын байр суурь нь Пхеньянтай харилцаагаа шинэ түвшинд гаргах боломжийг нэмэгдүүлж байна. Судлаачид БНАСАУ цөмийн хөтөлбөрөө хязгаарласан тохиолдолд АНУ-ын хоригийг сулруулах яриа өрнөх магадлалтай хэмээн үзэж байна. Энэ нь бүс нутгийн энх тайван, тогтвортой байдалд шинэ хуудас нээж болзошгүй юм. 2019 оны хоёрдугаар сард Вьетнамд болсон Трамп, Ким нарын дээд хэмжээний уулзалтын үеэр Хойд Солонгосын тал хоригийг эхлээд цуцлах шаардлага тавьж, энэ байр сууриндаа хатуу зогссон. Тухайн үед Трамп уг шаардлагыг хүлээн зөвшөөрөөгүй нь Пхеньяны хувьд “алдагдсан боломж” хэмээн тооцогдож алдаагаа дахин давтахгүйг хичээх магадлалтай.

Монгол Улсын давуу тал

Монгол Улс АНУ болон Хойд Солонгостой аль алинтай нь найрсаг харилцаатай, төвийг сахисан улс төдийгүй газарзүйн хувьд хоёр орны дундын бүсэд байрладаг. Түүхэн байдлаас харахад Монгол Улс олон улсын уулзалт, яриа хэлэлцээг зохион байгуулах туршлагатай бөгөөд дэлхийн энх тайван, хамтын ажиллагааг дэмжих замаар нэр хүндээ өсгөж чадсан. Дээр нь Орос, Украины дайны нөхцөл, аюулгүй байдлын үүднээс Ким Жон Ун галт тэргээр зорчихыг илүүд үзэх болсон төдийгүй түүний өвөө, БНАСАУ-ыг үндэслэгч Ким Ир Сен Монголд хоёр удаа айлчилж байсан түүхтэй зэрэг нь Монгол Улс, БНАСАУ-ын харилцааны найрсаг түүхэн үндэс суурийг харуулж буй юм.

Иймд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот нь АНУ-Хойд Солонгосын дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулахад хамгийн тохиромжтой газар хэмээн судлаачид онцолж эхэлжээ. Энэхүү уулзалт нь Монгол Улсыг дэлхийн дипломат тавцанд таниулах төдийгүй эдийн засаг, улс төрийн шинэ боломжуудыг нээх үүд хаалга болох юм.

Түүхэн үндэслэл ба Трампын байр суурь

Дональд Трамп нь Хойд Солонгосын удирдагч Ким Жон Унтай өмнө нь гурван удаа уулзаж, Хойд Солонгост хөл тавьж байсан анхны АНУ-ын Ерөнхийлөгч юм. Түүний засаг захиргаа Хойд Солонгосын байр суурийг олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөх талаар бодлогоо өөрчлөх магадлалтайг шинжээчид онцолж байна. Нэгдүгээр сарын 20-нд буюу зарлигт гарын үсэг зурах үеэрээ Трамп Хойд Солонгосыг “цөмийн гүрэн” гэж нэрлээд “Ким намайг эргэн ирж байгааг хараад баяртай байх болно” гэсэн нь олон улсын анхаарлыг татаж, дээд хэмжээний уулзалт дахин сэргэх магадлалыг нэмэгдүүлжээ.

Үүний зэрэгцээ Сиднейн их сургуулийн профессор Жэймс Курран Financial Review сэтгүүлд бичсэн нийтлэлдээ, Өмнөд Солонгосын ахлах сайд асан “Трамп аюулгүй байдлын зардлаа тэнцвэржүүлэх үүднээс БНСУ-ын батлан хамгаалах зардлыг 10 дахин нэмэгдүүлэхээр төлөвлөж байсан” талаар онцолсон. Мөн Трамп Кимтэй дахин хэлэлцээ хийхийг зорих бөгөөд энэ нь Өмнөд Солонгосын хувьд таагүй үр дагаварт хүргэж болзошгүй гэжээ.

Дүгнэлт

АНУ-Хойд Солонгосын дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулахад Монгол Улс газарзүйн байрлал, төвийг сахисан байр суурь, найрсаг харилцааны давуу талаа ашиглан бэлэн байх хэрэгтэй. Энэ бол Монгол Улсын хувьд дэлхийн дипломат тавцанд өөрийгөө бататгаж, олон улсын хамтын ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэх боломж юм. Монгол Улс энэ боломжийг бүрэн ашиглаж чадвал бүс нутгийн энх тайван, тогтвортой байдалд томоохон хувь нэмэр оруулах билээ.   

 

mobile-logo