- Олон улсын жишгээрээ валютын нөөц гурван сараас дээш байвал хангалттай гэж үздэг.
- Төв банкны гадаад валютын нөөц өнөөдрийн байдлаар 4.7 тэрбум ам.доллартай тэнцэж байна.
Төв банкны гадаад валютын нөөц өнөөдрийн байдлаар 4.7 тэрбум ам.доллартай тэнцэж байна. Энэ нь импортын таван сарын хэрэгцээг хангах нөөц юм. Олон улсын жишгээрээ валютын нөөц гурван сараас дээш байвал хангалттай гэж үздэг.
Оны эхэнд валютын нөөц 5.2 тэрбум ам.долларт хүрсэн. Одоо харин энэхүү нөөц буурсан нь Монголбанк, Хятадын Ардын банк хооронд 2011 онд байгуулсан үндэсний мөнгөн тэмдэгт солилцох своп хэлцлийн өр төлбөрийг барагдуулсантай холбоотой аж. Тодруулбал, своп хэлцлийн хүрээнд Монгол Улсын хэрэглэсэн юань 12 тэрбум буюу тухайн үеийн ханшаар 1.8 тэрбум ам.доллар болсон байна. Валютын нөөц хангалттай бүрдсэн тул 6 тэрбум юанийн төлбөрийг барагдуулжээ. Ингэснээр Монголбанк, Хятадын ардын банк хоорондын своп өр төлбөр хоёр дахин буурчээ. Цаашид валютын нөөц тогтвортой сайн байвал төлбөрийг богино хугацаанд барагдуулж дуусах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа гэж Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн мэдэгдлээ. Монгол Улсын гадаад өр өнөөдрийн байдлаар 34 тэрбум ам.доллар бөгөөд 7.7 тэрбум ам.доллар нь Засгийн газрын өр бол тэрбум орчим нь төв банкны өр эзэлж байна.