bnr-0
Трампын ойрын зөвлөх Холбооны нөөцийн банкны Захирлуудын зөвлөлийн гишүүнээр түр томилогдов
08 сарын 08, 2025
ХУВААЛЦАХ
  • Стивен Мираныг Адриана Куглерийн оронд түр хугацаагаар Холбооны нөөцийн банкны Захирлуудын зөвлөлийн гишүүнээр томиллоо.
  • Миран нь Трампын ойрын зөвлөх бөгөөд Холбооны нөөцийн банкны бодлогын хүүг бууруулах чиглэлээр түүний бодлогыг хэрэгжүүлж магадгүй.
  • Тэр цар тахлын үед эдийн засгийн халамжийн хөтөлбөрт гол үүрэг гүйцэтгэсэн ба Трампын татварын бодлого, криптовалютыг дэмждэг эдийн засагч юм.
Стивен Миран 2021 оны эхээс надтай хамтран ажиллаж байгаа бөгөөд эдийн засгийн чиглэлээр онцгой мэдлэгтэй хүн. Тэр энэ албан тушаалд төгс тохирох нэгэн гэдэгт бүрэн итгэлтэй байна.

АНУ-ын Холбооны нөөцийн банкны Захирлуудын зөвлөлийн гишүүн Адриана Куглер хугацаанаас өмнө албан үүргээс чөлөөлөгдөж, Ерөнхийлөгч Дональд Трамп дараагийн гишүүнээр Эдийн засгийн зөвлөхүүдийн зөвлөлийн тэргүүн Стивен Мираныг томилжээ.

Адриана Куглерийн бүрэн эрхийн хугацаа 2026 оны нэгдүгээр сарын 31-нд дуусах байсан ч хугацаанаас өмнө чөлөөлөгдсөн тухай тодорхой албан ёсны мэдэгдэл хийгээгүй байна. Трампын мэдээллээр Миран нь Адриана Куглерийн бүрэн эрхийн хугацаа дуусах хүртэл орлон суух аж.

Трамп өөрийн Truth Social хуудсанд “Стивен Миран 2021 оны эхээс надтай хамтран ажиллаж байгаа бөгөөд эдийн засгийн чиглэлээр онцгой мэдлэгтэй хүн. Тэр энэ албан тушаалд төгс тохирох нэгэн гэдэгт бүрэн итгэлтэй байна” хэмээн онцолж, тус суудалд 14 жилийн бүрэн хугацаатай байнгын нэр дэвшигчийг хайж буйгаа ч мөн мэдэгдсэн байна.

Миран зөвлөлийн гишүүн болохын тулд Сенатаар батлуулах шаардлагатай бөгөөд Дээд танхим ирэх есдүгээр сард хуралдах хүртэл түүнийг томилох үйл явц удаашрах төлөвтэй байна.

Мөн Холбооны Нээлттэй зах зээлийн хороо (FOMC) ирэх есдүгээр сарын 16-17-ны өдрүүдэд хуралдах бөгөөд 2024 оны арванхоёрдугаар сараас хойш анх удаа бодлогын хүүг бууруулах шийдвэрийг уг хурлаар гаргах хүлээлттэй байгаа юм. Миран нь тус зөвлөлийн гишүүн болсон даруйд хурлын явцад санал өгөх бүрэн эрхтэй болохоос гадна санхүүгийн зохицуулалтыг удирдах зэрэг үүргийг хүлээх юм.

Ерөнхийлөгч Трамп бодлогын хүүг бууруулахыг эрмэлзэж буй энэ үед холбогдох байгууллагын удирдах албан тушаалд ойрын зөвлөхөө томилсон нь Холбооны нөөцийн банкны бодлогын хэлэлцүүлэгт шүүмжлэл өрнүүлж, саналыг хуваах, нэн ялангуяа Холбооны нөөцийн банкны тэргүүн Жером Пауэллийн бодлогод сөрөг байр суурь илэрхийлэх сөрөг хүчин байх зорилготой хэмээн шинжээчид таамаглаж байна.

Миран нь цар тахлын дараа АНУ-ын Сангийн яамнаас хэрэгжүүлсэн Цалингийн хамгаалалтын хөтөлбөрийг боловсруулах, хэрэгжүүлэх чиглэлд голлох үүрэг гүйцэтгэсэн бөгөөд сүүлийн үед Трампын хэрэгжүүлж буй тарифын дайн, крипто зах зээл зэргийг дэмжих байр суурь баримталдаг.  

 

mobile-logo