- Шалгалтын материалуудыг орон нутагт тагнуулын байгууллагын хамгаалалт дор хүргэдэг тул “даалгавар задрах боломжгүй” гэдгийг БҮТ-ийн захирал Г.Гантуяа онцолсон юм.
- Энэ жилийн шалгалтад нийт 43,318 шалгуулагч оролцсон бөгөөд тэдний 22,818 нь эмэгтэй, 20,500 нь эрэгтэй байна.
- Улсын хэмжээнд 172 шалгуулагч 800 оноо авчээ.

2025 оны Элсэлтийн ерөнхий шалгалтыг зургадугаар сарын 18-21-нд улс даяар амжилттай зохион байгуулж, 43,318 шалгуулагч оролцсон талаар Боловсролын үнэлгээний төвөөс мэдээллээ.
Элсэлтийн ерөнхий шалгалт задарсан, стандартаас хүнд байсан гэх гомдол цахим орчинд тараад буй. Тэгвэл үүнтэй холбогдуулан Боловсролын үнэлгээний төвөөс дараах мэдээллийг хүргэлээ.
БҮТ-ийн захирал Г.Гантуяагийн хэлснээр элсэлтийн шалгалтын бэлтгэл, зохион байгуулалт олон жилийн туршид тогтсон нэг стандарт, олон үе шаттай процессын дагуу явагддаг. Даалгаврыг интернэт орчноос бүрэн тусгаарлагдсан нөхцөлд, тагнуул, цагдаагийн байгууллагын хяналт дор боловсруулдаг бөгөөд шалгалтын материалуудыг орон нутагт тагнуулын байгууллагын хамгаалалт дор хүргэдэг тул “даалгавар задрах боломжгүй” гэдгийг тэрбээр онцолсон юм.
Энэ жилийн шалгалтад нийт 43,318 шалгуулагч оролцсон бөгөөд тэдний 22,818 нь эмэгтэй, 20,500 нь эрэгтэй байна. Улсын хэмжээнд 172 шалгуулагч 800 оноо авчээ.
БҮТ-ийн Даалгаврын сангийн хэлтсийн дарга С.Гэндэнжамцын хэлснээр зарим сурагч, багш нар шалгалтын агуулга хэт хүнд, эсвэл өмнөх бэлдсэн сэдвээс зөрсөн гэх гомдол гаргасан ч шалгалт нь сургалтын үндэсний хөтөлбөрт суурилсан, стандартад нийцсэн байсан гэж тайлбарлав.