bnr-0
Барилгын хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэрийг ашиглалтад орууллаа
09 сарын 30, 2024
ХУВААЛЦАХ
  • Энэ үйлдвэр хоногт барилгын 100 тн хог хаягдлыг дахин боловсруулах хүчин чадалтай. Ингэснээр хогийг эдийн засгийн эргэлтэд оруулах боломжтой болж байна.
  • Үйлдвэрийн байгууламж нь ландфиллын байгууламж, барилгын хог бутлан ангилах үйлдвэрийн талбай, машин механизмын гарааш болон оффисын барилга гэсэн хэсгээс бүрдэнэ.
  • Барилгын хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэрийг Европын сэргээн босголт, хөгжлийн банкны санхүүжилт болон Европын холбооны буцалтгүй тусламжаар байгуулжээ.

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Морингийн даваанд барилгын хатуу хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэрийг өнөөдөр ашиглалтад орууллаа.Улаанбаатар хотын хэмжээнд төвлөрсөн гурван хогийн цэгт жилд дунджаар 1.4 сая орчим тонн хог хаягдал цуглардаг. Үүний 20-30 хувийг барилгын хог эзэлдэг. 

Уг үйлдвэрийн байгууламж нь эрүүл ахуйн шаардлага хангасан шинэ ландфиллын байгууламж, барилгын хог бутлан ангилах үйлдвэрийн талбай, машин механизмын гарааш болон оффисын барилгаас бүрдсэн. Тодруулбал, ландфиллын байгууламж нь эрүүл ахуйн шаардлага хангасан байгаль орчинд сөрөг нөлөөгүй 8.5 сая тонн хог хаягдлыг хүлээж авах хүчин чадалтай бол барилга нураалтын хог хаягдал дахин боловсруулах хүчин чадал өдөрт 100 тонн байна. Энэхүү төсөл хэрэгжсэнээр Улаанбаатар хотын төвлөрсөн хогийн цэгүүдийн ачааллыг багасгах, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, хуучин хогийн цэгүүдийг хаах, нөхөн сэргээх, хог хаягдлыг эдийн засгийн эргэлтэд оруулж, дахин боловсруулах боломжтой боллоо.

Мөн барилгын хог хаягдал дахин боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагаанд зайлшгүй шаардлагатай ландфил нягтаршуулагч, барилга нураалтын экскаватор, бульдозер, дугуйт ачигч, усны машин, өөрөө буулгагч автомашин зэрэг нийт 29 нэр төрлийн хүнд даацын машин механизм, сэлбэг хэрэгслийг  шинээр нийлүүлээд байна. Морингийн давааны хог хаягдал дахин боловсруулах үйлдвэрийг НЗДТГ-ын захиалгаар “Улаанбаатар хотын хатуу хог хаягдлын байгууламжийг шинэчлэх” төслийн хүрээнд Европын сэргээн босголт, хөгжлийн банкны санхүүжилт болон Европын холбооны буцалтгүй тусламжаар байгуулжээ.

mobile-logo