- Төрийн үйлчилгээний хүнд суртлын индекс 2.85 оноотой гарч, өмнөх судалгааны дүнгээс багасчээ.
- МҮХАҮТ-аас “Хүнд суртлын индекс-2024” судалгааны дүнг танилцууллаа.
- Тус судалгааг МҮХАҮТ-аас Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын “Албан бус эдийн засгийг албажуулах төсөл”-тэй хамтран зохион байгуулсан.

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас "Хүнд суртлын индекс"-ийн судалгааг 2004 оноос хоёр жил тутам тогтмол хийж байна. Энэхүү судалгаа нь бизнес эрхлэгчдэд тулгарч буй төрийн үйлчилгээний хүндрэл, бэрхшээл, түүний өртгийг бодит дата дээр үндэслэн тодорхойлж, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулах зорилготой.
Энэ удаагийн судалгаа нь НҮБ-ын Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын техникийн дэмжлэгтэйг “Хүнд суртлын индекс ба өртөг” нэрээр илүү өргөн хүрээг хамарч, судалгааны арга зүй, агуулгын хувьд шинэ шатанд гаргаснаараа онцлог болжээ. 2021 онд төрийн үйлчилгээний хүнд суртлын индекс 3.01 хувьтай гарч байжээ. Харин 2024 онд бизнесийн үйл ажиллагаатай холбоотой төрийн үйлчилгээний хүнд суртлын индекс 2.85 оноотой гарч, 2021 оныхоос сайжирсан дүнтэй гарав.
Гэхдээ төрийн үйлчилгээ авахад шаардагдах мэдээллийн хүртээмж, ойлгомжгүй байдал, бодлого боловсруулахад бизнесийн бодит оролцоо хангалтгүй, давхардсан зохицуулалтууд ихтэй зэрэг анхаарууштай асуудлууд байна гэсэн дүн гарчээ.