- Монголын жижиг, дунд, бичил уурхайчдын олборлосон алтыг олон улсын үнэт эдлэлийн компанид нийлүүлнэ.
- Алт олборлогч бичил уурхайчдад тушаасан алтных нь кг тутамд урамшуулал олгоно.
- Монголбанк “Лондоны зарчмууд” багц зарчимд нэгдээд байна.

Монголбанк, Швейцарын Хариуцлагатай алтны холбоо болон Аргор Хераиус алт цэвэршүүлэх үйлдвэртэй хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.
Энэ хүрээнд талууд жижиг, дунд, бичил уурхайчдын олборлосон алтыг олон улсын үнэт эдлэлийн компанид түүхий эдээр нийлүүлэх юм. Үүний үр дүнд манай улсын алтны олборлолт, нийлүүлэлтийн сүлжээ нь ил тод, найдвартай гэдгийг илэрхийлнэ. Түүгээр зогсохгүй алт олборлогч бичил уурхайчдад тушаасан алтных нь кг тутамд урамшуулал олгох аж.
Булган аймгийн хэмжээнд үйл ажиллагаа эрхэлж буй жижиг, дунд алт олборлогчид болон бичил уурхай эрхлэгчдийг хамруулсан төслийн эхний шатны ажлуудыг гүйцэтгэнэ. Ингэхдээ тус аймаг дахь Монголбанкны хэлтэс, Стандарт, хэмжил зүйн газрын Үнэт металлын сорьцын хяналтын газрын үнэт металлын сорьц тогтоох лаборатори зэрэг байгууллагатай хамтран ажиллахаар төлөвлөжээ.
Монголбанк “Лондоны зарчмууд” багц зарчимд өнгөрсөн онд “Дэлхийн алтны зөвлөл”-ийн хурлаар нэгдсэн. Тус багц зарчим нь Колумб, Эквадор, Филиппин улсын Төв банкнуудтай бичил уурхайчдаас алт худалдан авах үйл ажиллагааг албан ёсны болгох, хариуцлагатай бичил уурхайг дэмжих, албан ёсны нийлүүлэлтийн сүлжээнд нэгтгэх зорилготой юм.