bnr-0
30 настай инфлюэнсер Эрим Каур үсний тосны брэндээрээ 4 сая ам.долларын борлуулалт хийжээ
04 сарын 15, 2025
ХУВААЛЦАХ
  • Эрим Каур 2019 онд “ByErim” брэндийг үндэслэж, нийт 4.2 сая ам.долларын борлуулалт хийсэн байна.
  • Уламжлалт Энэтхэг найрлага бүхий хөнгөн, тансаг үнэртэй тос хэрэглэгчдийн талархлыг хүлээжээ.
  • Нийгмийн сүлжээгээр өөрийн түүхээ хуваалцсан нь хэрэглэгчдийн сэтгэлийг хөдөлгөж брэндийн амжилтын түлхүүр болжээ.
Бүтээгдэхүүний үйлдвэрлэл, савлагаа, захиалгын үе шат бүрийг нийгмийн сүлжээнд бодитоор хуваалцаж хэрэглэгчдийг татан оролцуулсан нь брэндийн үнэ цэнийг нэмэгдүүлжээ.

Лондон хотод төвтэй бизнес эрхлэгч Эрим Каур 2019 онд “ByErim” нэртэй үс арчилгааны тансаг брэндээ үндэслэжээ. Тэрбээр богино хугацаанд олон мянган хэрэглэгчийн итгэлийг хүлээн 3.3 сая фунт стерлинг буюу 4.2 сая ам.долларын борлуулалт хийсэн байна. Түүний гол бүтээгдэхүүн болох үс ургуулдаг тос нь амла, арган, кокос, кастор зэрэг найман төрлийн цэвэр тосыг агуулснаараа онцлог юм.

Каур брэндээ бий болгохоос өмнө 100 мянган дагагчтай болж өөрийн ээж, эмээгээсээ өвлөсөн тосны жорыг олон нийттэй хуваалцсан байна. Ээжийгээ хорт хавдраар алдаж өнчин өссөн түүх нь түүнийг олон хүмүүстэй сэтгэлзүйн ойр холбоо үүсгэхэд нөлөөлсөн бөгөөд энэхүү хувь хүний түүх түүний брэндийн гол үнэ цэн болон хувирчээ. “Ээжтэйгээ хамт үс арчлах талаар сурах боломж надад олдоогүй. Харин эмээ маань намайг тос түрхэж үсээ арчлах ухаанд сургасан” гэж Каур өгүүлжээ.

Энэтхэгийн уламжлалт үс тослох соёл эртний санскрит сударт бичигдсэн байдаг бөгөөд энэхүү уламжлал сүүлийн жилүүдэд олон улсын гоо сайхны зах зээлд дахин хүчээ авч, Vogue сэтгүүл, TikTok зэрэг платформд трэнд болон гарч иржээ. “ByErim” зэрэг шинэ брэнд энэхүү уламжлалыг шинэ үеийн хэрэглэгчдэд зориулан хөнгөн таатай үнэртэй бүтээгдэхүүн болгосон нь борлуулалтад эерэг нөлөө үзүүлсэн байна.

Каурын хэлснээр “ByErim”-ийн амжилтын гол нууц бол хэрэглэгчид түүний түүхийг сонсоод “зүрх сэтгэлээрээ хөрөнгө оруулсан” явдал юм. Бүтээгдэхүүний үйлдвэрлэл, савлагаа, захиалгын үе шат бүрийг нийгмийн сүлжээнд бодитоор хуваалцаж хэрэглэгчдийг татан оролцуулсан нь брэндийн үнэ цэнийг нэмэгдүүлжээ.

Түүний брэнд анх дөрвөн цагийн дотор 250 бүтээгдэхүүн борлуулж улмаар энэхүү уламжлалт аргыг шинэ цагийн хэрэглэгчид рүү хүргэхэд хувь нэмрээ оруулсан хэмээн үнэлэгдэж байна. “ByErim” брэнд зөвхөн гоо сайхны бүтээгдэхүүн төдийгүй, дурсамж, өв соёл, итгэлцэл бүхий түүх болж чадсан нь түүнийг бусдаас ялгаруулж буй юм.   

mobile-logo