bnr-0
Хуванцрын хэрэглээ: Та жилд 5 банкны карттай тэнцэх хуванцар залгидаг уу
06 сарын 12, 2025
ХУВААЛЦАХ
  • Хуванцар хэрчих самбараар дамжин жилд 50 грамм бичил хуванцар биед орж байж болзошгүй.
  • Хуванцар савтай хоол халаахад 10 сая гаруй бичил хуванцар ялгарчээ.
  • Микропластик хүний тархи, цус, элэг, жирэмсэн эхийн ихэст ч илэрч байна.
Жишээ нь, АНУ-ын нэгэн судалгаагаар дөнгөж усаар дүүргэсэн хуванцар савыг халаахад 10 сая гаруй бичил хуванцар ялгарч байжээ.

Хүнсний бохирдлын хамгийн анхаарал татах нэг эх үүсвэр нь бидний өдөр тутмын гал тогооны дадал байж болзошгүйг олон улсын судлаачид анхааруулж байна. Хуванцар хайчлах самбар, нэг удаагийн хоолны сав, цайны уут зэрэг ахуйн хэрэглээний зүйлс нь бичил хуванцар буюу микропластик үүсгэж, хоол хүнсээр дамжин хүний биед нэвтэрч байж болзошгүй аж.
Environmental Science & Technology сэтгүүлд нийтлэгдсэн нэгэн судалгаагаар зөвхөн хуванцар хэрчих самбар ашигласнаар жилд 50 грамм бичил хуванцар залгиж байж болохыг тогтоожээ. Энэ нь дунджаар таван граммын жинтэй нэг кредит картаас тав дахин их хэмжээ бөгөөд аюулгүй түвшнээс хэтрэх эрсдэлтэйг онцолжээ.
Түүнчлэн, хуванцар савтай хоолыг богино долгионы зууханд халаах үед зөвхөн дулаанд тэсвэргүй савнаас гадна “микроволнын аюулгүй” гэж шошголсон хуванцар савнаас ч бичил хуванцар ялгарч байгаа нь ажиглагдаж байна. Жишээ нь, АНУ-ын нэгэн судалгаагаар дөнгөж усаар дүүргэсэн хуванцар савыг халаахад 10 сая гаруй бичил хуванцар ялгарч байжээ.
Эдгээр бичил хуванцар хүний биед нэвтрээд зогсохгүй, цус, элэг, тархи, жирэмсэн эмэгтэйн ихэсэд хүртэл илэрч эхэлсэн нь анагаахын салбарт түгшүүр төрүүлж байна. Зарим судалгаанд бичил хуванцраар бохирдсон артерийн судас нь цус харвалт, зүрхний шигдээс зэрэг өвчний эрсдэлийг нэмэгдүүлж болзошгүйг дурджээ.
Эрүүл мэндэд учирч болох эрсдэлээс сэргийлэх үүднээс ахуйн хэрэглээнд дараах өөрчлөлт хийхийг мэргэжилтнүүд зөвлөж байна. Хуванцар хэрчих самбарын оронд мод, хулсан самбар сонгох нь тохиромжтой. Хоол хадгалах савыг шилэн эсвэл зэвэрдэггүй гангаар солих хэрэгтэй. Мөн дахин халаах шаардлагатай үед богино долгионы зууханд тохирох шилэн тагтай сав хэрэглэвэл илүү аюулгүй. Уут, баглаа боодол орлуулах сонголтод силикон болон шилэн савуудыг ашиглах нь дээр ажээ.
Халуунд хайлах эрсдэлтэй хуванцар хэрэгсэл, тухайлбал халбага, хусуур зэргийн оронд мод, төмөр материалтай бүтээгдэхүүн ашиглах нь аюулыг бууруулна. Мөн ихэнхдээ хэрэглэгддэг хуванцар цайны уут ч эрсдэлтэйд тооцогдож байгаа. Эдгээр уутнаас өндөр температурт микропластик болон нанопластик ялгардаг тул задгай навчин цайг төмөр эсвэл шилэн шүүлтүүртэй данханд хэрэглэхийг зөвлөж байна.
Бичил хуванцрын эрүүл мэндэд үзүүлэх нөлөө бүрэн тодорхой болоогүй ч анхааралтай хандвал зохих асуудал болж байна. Урьдчилан сэргийлэх хамгийн зөв алхам бол өдөр тутмын гал тогооны зуршлаа эргэн харж, байгальд ээлтэй, аюул багатай сонголтуудыг хийхэд оршиж байна.  

mobile-logo