- Улсын хэмжээнд 19.6 сая төл бойжиж, өмнөх оныхоос 38.5%-иар өсөв.
- Малын зүй бус хорогдол 98%-иар буурч, 156.4 мянгад хүрчээ.
- Архангай, Ховд, Өвөрхангай зэрэг 8 аймагт нийт хорогдлын 74% ногдож байна.

2025 оны эхний таван сарын байдлаар улсын хэмжээнд мал төллөлт 74.4 хувьтай, төл бойжилт 98.5 хувьтай байна. 2024 оны эцэст тоологдсон 26.7 сая хээлтэгч малаас 19.9 сая нь төллөсөн бөгөөд нийт бойжуулсан төл 19.6 саяд хүрсэн нь өмнөх оны мөн үеэс 5.4 сая буюу 38.5 хувиар нэмэгдсэн дүн юм.
Төллөлтийн гүйцэтгэл малын төрлөөр харилцан адилгүй гарчээ. Эм хонь төллөлтөөр тэргүүлж, 80.1 хувь буюу 9.5 сая толгой төл гаргасан бол тэмээнийх харьцангуй бага буюу 38.7 хувьтай байна.
Төл бойжилт өндөр байгаа энэ үед малын зүй бус хорогдол харьцангуй бага хэмжээнд буурсан байна. 2025 оны эхний таван сард улсын хэмжээнд нийт 156.4 мянган толгой том мал хорогдсон нь өмнөх оны мөн үеэс 7.8 сая толгойгоор буюу 98.0 хувиар буурсан үзүүлэлт юм. Энэ нь оны эхэнд тоологдсон нийт малын 0.27 хувийг л эзэлж байна.
Хорогдсон малын дийлэнх хувийг хонь болон ямаа эзэлсэн бөгөөд аймгаар авч үзвэл Архангай аймаг хамгийн их хорогдолтой байж, 24.8 мянган толгой мал хорогдсон нь нийт хорогдлын 15.9 хувийг эзэлж байна. Ховд, Өвөрхангай, Хөвсгөл, Баян-Өлгий, Увс, Булган, Говь-Алтай зэрэг нийт 8 аймаг нийт хорогдлын 74 хувийг бүрдүүлж байна.
Хорогдлын шалтгааныг авч үзвэл, нийт хорогдлын 86.8 хувь нь байгалийн аюулт үзэгдлээс үүдэлтэй байсан бол 11.8 хувь нь зэрлэг амьтдын халдлага, мөсөнд цөмрөх, хаднаас унах зэрэг “бусад” ангилалд хамаарч байна. Өвчнөөр хорогдсон малын тоо 2.2 мянгад хүрч, өнгөрсөн оныхоос 74.3 хувиар буурчээ.
Эдгээр тоон үзүүлэлт нь мал аж ахуйн менежмент, цаг уурын нөхцөл байдал, малчдын анхаарал хандуулалт нэмэгдэж байгаагийн илрэл бөгөөд 2025 оны мал төллөлтийн улирал урьд өмнөх жилүүдээс илүү амжилттай явагдаж буйг харуулж байна.