- “Атар-4 тариалангийн тогтвортой хөгжлийн аян”-ы хүрээнд арилжааны банкууд газар тариалан, мал аж ахуй, хүнсний үйлдвэрийн чиглэлээр 800 тэрбум төгрөгийн зээл олгох юм.
- Үүнээс 350 тэрбум хүртэлх төгрөгийг эргэлтийн хөрөнгө, 450 тэрбум хүртэлх төгрөгийг хөрөнгө оруулалтын зориулалтаар олгоно.
- Зээлийн хугацаа эргэлтийн хөрөнгийн зээлд хоёр жил хүртэл, хөрөнгө оруулалтын зээл дөрвөн жил хүртэл байхаар гэрээнд тусгажээ.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Монголбанк болон арилжааны 10 банк хооронд “АТАР-4” Тариалангийн тогтвортой хөгжлийн аяныг санхүүжүүлэх хөнгөлөлттэй зээлийн гэрээг байгуулсан.
“Атар-4 тариалангийн тогтвортой хөгжлийн аян”-ы хүрээнд арилжааны банкууд газар тариалан, мал аж ахуй, хүнсний үйлдвэрийн чиглэлээр 800 тэрбум төгрөгийн зээл олгох юм. Үүнээс 350 тэрбум хүртэлх төгрөгийг эргэлтийн хөрөнгө, 450 тэрбум хүртэлх төгрөгийг хөрөнгө оруулалтын зориулалтаар олгоно. Улсын төсвөөс 2025 онд зээлийн хүүгийн дэмжлэг 52.8 тэрбум төгрөгийг санхүүжүүлэх бөгөөд эргэлтийн хөрөнгийн зээлийн хүүний 10 хувийг Засгийн газраас санхүүжүүлнэ. Зээлийн хугацаа эргэлтийн хөрөнгийн зээлд хоёр жил хүртэл, хөрөнгө оруулалтын зээл дөрвөн жил хүртэл байхаар гэрээнд тусгажээ.
Ингэснээр газар тариалангийн эргэлтийн талбайг 200 мянган га-аар шинээр нэмж ашиглана.
Нэгж га талбайгаас авах ургацын хэмжээ нэмэгдэн үр тариа, төмс, гол нэрийн хүнсний ногооны хэрэгцээг 100 хувь, таримал тэжээлийн 70 хувийг дотоодын үйлдвэрлэлээр хангах нөхцөл боломж бүрдэх юм. Үүний зэрэгцээ 200 мянган ашиг шимт үхрээр мал сүргээ баяжуулж, эрчимжсэн мал аж ахуйг дэмжиж, эрчимжсэн махны болон сүүний кластер бий болгоно.
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг иргэн, аж ахуйн нэгжийн үйлдвэрлэлийг дэмжих, үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, ашиглалтыг сайжруулахад хөрөнгө оруулалтын зээлийг дараах 12 чиглэлд олгоно.
1. Иж бүрэн механикжсан үтрэм байгуулах;
2. Төмс, хүнсний ногооны механикжсан агуулах, зоорь шинээр байгуулах;
3. Хүлэмжийн аж ахуй, ургамлын үйлдвэр (гидропоник, аэропоник) шинээр байгуулах;
4. Газар тариалангийн техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, шинээр худалдан авах,
5.Мөөгний үйлдвэр байгуулах, өргөжүүлэх;
6. Махны үхрийн аж ахуйн үйлдвэрлэлээ өргөтгөх, шинээр байгуулах, тоног төхөөрөмж худалдан авах;
7. Өсвөр мал бордох аж ахуйгаа өргөтгөх, шинээр байгуулах, тоног төхөөрөмж худалдан авах;
8. Шувууны аж ахуйн үйл ажиллагааг тогтворжуулах, үйлдвэрлэлээ өргөтгөх, тоног төхөөрөмж худалдан авах;
9. Тэжээлийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд шинээр байгуулах, өргөтгөх, тоног төхөөрөмж худалдан авах;
10. Зөгийн аж ахуйн үйл ажиллагааг тогтворжуулах, үйлдвэрлэлээ өргөтгөх, тоног төхөөрөмж худалдан авах;
11. Сүүний үхрийн аж ахуй (кластер) шинээр байгуулах, үйлдвэрлэлээ өргөтгөх, тоног төхөөрөмж худалдан авах;
12. Хүнсний боловсруулах үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг шинэчлэх;
13. Үр тарианы гаралтай (шар буурцаг, царгас, вандуй, шош, сэвэг зарам, маалинга, хөх тариа, арвай) боловсруулах үйлдвэр шинээр байгуулах, өргөтгөх, шинэ тоног төхөөрөмж худалдан авах;
14. Хүнсний худалдаа, махны агуулах шинээр байгуулах, өргөтгөх, агуулахын шинэ тоног төхөөрөмж худалдан авах;
15. Сав, баглаа боодлын (хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний) үйлдвэр шинээр байгуулахад зээл олгоно.