- Хятадаас АНУ руу чиглэсэн ачаа тээврийн эрэлт огцом буурч, далайн тээврийн компаниуд хөлгүүдийнхээ аяллыг цуцалж эхэллээ.
- Нэг хөлөг онгоц дунджаар 8,000–10,000 ширхэг контейнер тээвэрлэдэг тул ийнхүү олон аялал цуцлагдсанаар нийт 800,000 орчим чингэлэг хорогдох эрсдэлтэй.
- Цар тахлын үед тээвэр цөөрсөн нь ачаа тээврийн үнийг эсрэгээрээ тэнгэрт тултал өсгөсөн жишээ бий.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын өндөр тарифын улмаас Хятадаас АНУ руу чиглэсэн ачаа тээврийн эрэлт огцом буурч, далайн тээврийн компаниуд хөлгүүдийнхээ аяллыг цуцалж эхэллээ. Тухайлбал, “HLS Group” компанийн мэдээлснээр Хятадаас гарах 80 аялал цуцалжээ. Харин “ONE” зэрэг далайн тээврийн томоохон эвсэл хэд хэдэн чиглэлээ зогсоогоод байна.
Ачаа буурч байгаа нь АНУ-ын боомт, агуулах, тээвэр, логистикт томоохон дарамт үзүүлж эхэлжээ. Нэг хөлөг онгоц дунджаар 8,000–10,000 ширхэг контейнер тээвэрлэдэг тул ийнхүү олон аялал цуцлагдсанаар нийт 800,000 орчим чингэлэг хорогдох эрсдэлтэй аж. Үүний улмаас боомтын өргөгч крануудын ачаалал буурч, агуулахын эргэлт саарах нь тодорхой болоод байна.
Дэлхийн худалдааны байгууллагаас ч энэ байдлыг анхааруулж, олон улсын худалдааны төлөв байдал огцом дордож байгааг онцолсон. Ялангуяа Хятадад үйлдвэрлэсэн хувцас, тоглоом, цахилгаан бараа зэрэг өндөр тарифтай барааны захиалга 50-аас дээш хувиар буурч, ачааны урсгал ирэх сард хоёр оронтой хувиар унах магадлалтай хэмээжээ.
Үүсээд буй нөхцөлд далайн тээврийн компаниуд зарим чиглэлээ бүрэн цуцлах, аяллын давтамжийг багасгах, эсвэл жижиг оврын хөлөг онгоц ашиглах зэрэг зохицуулалт хийж эхэлсэн. Энэ нь зардлаа нөхөхөд тусалж болох ч, үнэ тогтворгүй хэвээр байна. Хэдийгээр үнэ буурах боломжтой ч, цар тахлын үед тээвэр цөөрсөн нь ачаа тээврийн үнийг эсрэгээрээ тэнгэрт тултал өсгөсөн жишээ ч бий.
Нөгөөтэйгүүр, Хятадын орон зайг Вьетнам нөхөж эхэллээ. АНУ-ын импортлогчид Вьетнам руу шилжиж, тус улсын ачаа тээврийн үнэ гуравдугаар сарын сүүлээс хойш 43 хувиар өсөөд байна. Ялангуяа Хо Ши Мин — Лос Анжелес чиглэлийн тээврийн үнэ 24 хувиар нэмэгджээ.
Тариф дахин нэмэгдэх эрсдэл өндөр байгаа учир олон импортлогч бараагаа аль болох хурдан татахыг хичээж, тээврээ урьдчилж захиалах хандлага давамгайлж байна.