- Ерөнхий сайд Г.Занданшатар “Рио Тинто” компанийн Зэсийн группийн захирал Кейти Жаксоныг хүлээн авч уулзлаа.
- “Оюутолгой ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг нэмэгдүүлэх тухай” 103 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангаж ажиллах чиглэлээр байр сууриа илэрхийлсэн байна.
- Тэрбээр Оюутолгой төсөлд нарийн мэргэжлийн хүмүүсээс бүрдсэн ажлын хэсэг байгуулж ажиллах саналаа илэрхийлсэн байна.

Ерөнхий сайд Г.Занданшатар “Рио Тинто” компанийн Зэсийн группийн захирал Кейти Жаксоныг хүлээн авч уулзлаа. Тэрбээр уулзалтын эхэнд УИХ 2021 онд баталсан “Оюутолгой ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг нэмэгдүүлэх тухай” 103 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангаж ажиллах чиглэлээр байр сууриа илэрхийлсэн байна.
Тухайлбал, Монголын талд үр ашигтай байх шаардлагын үүднээс Оюутолгой төсөлтэй холбоотой асуудлуудыг бүтэн зургаар нь авч үзэх шаардлагатайг онцлон тэмдэглэжээ. Үйл ажиллагааны ил тод байдал, худалдан авах ажиллагаа, татвар, байгаль орчин, ялангуяа ус ашиглалт зэрэг асуудлыг багцаар нь шийдэхийн төлөө хамтран ажиллах шаардлагатайг Ерөнхий сайд Г.Занданшатар онцолж, эдгээр асуудлаар нарийн мэргэжлийн хүмүүсээс бүрдсэн ажлын хэсэг байгуулж ажиллах саналаа илэрхийлсэн байна.
“Рио Тинто” компанийн Зэсийн группийн захирал Кейти Жаксон шийдлээ хүлээж буй асуудлуудаар ширээний ард сууж, хамтран ажиллах тал дээр нээлттэй хандаж буйгаа илэрхийллээ.