bnr-0
Хойд бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдаан Булган аймагт болж өндөрлөв
04 сарын 29, 2025
ХУВААЛЦАХ
  • Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Бүсчилсэн хөгжлийн реформ" сэдвээр илтгэл тавив.
  • Иргэд бодит үр дүн, хэрэгжилтэд талархан санал хүсэлтээ уламжлав.
  • Хойд бүсийн хөгжлийг дэмжих тусгай арга хэмжээний тогтоол батлахаар болов.
Засгийн газар 2024 оныг “Бүсчилсэн хөгжлийн жил” болгон зарлаж, 2001 оноос яригдсан бодлогыг бодит ажил хэрэг болгоход анхаарч эхлээд байна.

Булган аймагт болсон Хойд бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож, “Бүсчилсэн хөгжлийн реформ” сэдвээр илтгэл тавилаа. Засгийн газар 2024 оныг “Бүсчилсэн хөгжлийн жил” болгон зарлаж, 2001 оноос яригдсан бодлогыг бодит ажил хэрэг болгоход анхаарч эхлээд байна.

Хойд бүсэд Булган, Орхон, Хөвсгөл аймаг багтаж байгаа бөгөөд тус бүсийг Орос, Европын орнуудтай эдийн засгийн харилцааг өргөжүүлж, аялал жуулчлал, аж үйлдвэрийн бүс болгон хөгжүүлэх зорилт тавьжээ. Ерөнхий сайд бүс нутгийн хөгжлийг уялдаа холбоотой бодлогоор дэмжих нь улсын эдийн засгийн суурийг бататгана хэмээн онцоллоо.

Иргэд цахимаар болон танхимаар санал хүсэлтээ илэрхийлж, өнгөрсөн онд өгсөн амлалтууд бодит хэрэгжиж буйд талархлаа. Тухайлбал, бүсийн жишиг лаборатори байгуулах, Булган аймгийн Нэгдсэн эмнэлгийн шинэ барилга, Хөвсгөл-Эрдэнэт чиглэлийн төмөр зам барих зэрэг асуудлуудыг хөндлөө.

Хэлэлцүүлгийн үр дүнд "Эрдэнэт медикал" эмнэлгийг хувийн менежментэд шилжүүлж, хавдрын төв болгох, Мөрөн 4С нисэх буудлыг 2026 оны төсөвт тусгах зэрэг үүрэг даалгаврыг Ерөнхий сайд өглөө. Мөн дөрвөн улирлын аялал жуулчлал, үйлдвэрлэл технологийн парк хөгжүүлэх болон А.Амарын 140 жилийн ойг тэмдэглэх асуудлыг Засгийн газрын түвшинд шийдвэрлэхээр боллоо.

Түүнчлэн 2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болгон зарлаж, бүсийн боловсрол, эрүүл мэнд, цахим шилжилт, эрчим хүч, дэд бүтцийг хөгжүүлэх, байгаль хамгаалах чиглэлд тусгай арга хэмжээ авахаар шийдвэрлэлээ.  

mobile-logo