bnr-0
Туулын хурдны замын гүүрэн байгууламжийн уртыг 45.8 хувиар нэмэгдүүллээ
04 сарын 18, 2025
ХУВААЛЦАХ
  • Улаанбаатар хотыг хөгжүүлэх 24 мега төслийн хүрээнд нийслэлийн авто замын сүлжээг өргөтгөн хөгжүүлэх төслийн нэг нь Туулын хурдны зам юм.
  • Тус төслийн нийт төсөвт өртөг 1,965 тэрбум төгрөг болон нэмэгдсэн юм.
  • Гүүрэн байгууламжийн урт 6771 метр байсныг 9878 урт метр болгон нэмэхээр шийдвэрлэжээ.
Уг төсөл хэрэгжсэнээр хотын төвийн авто замын ачааллыг бууруулж, замын хөдөлгөөний үр ашгийг дээшлүүлэх юм.

Улаанбаатар хотыг хөгжүүлэх 24 мега төслийн хүрээнд нийслэлийн авто замын сүлжээг өргөтгөн хөгжүүлэх төслийн нэг нь Туулын хурдны зам юм. Уг хурдны зам  нь хотын зүүн хэсэг буюу Баянзүрхийн товчоо, Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас хотын баруун хэсэг буюу баруун аймаг руу салдаг аюулгүйн тойрог хүртэл нийт 6 эгнээ 32 километр үргэлжилнэ.

Тус хурдны замыг анх 4 эгнээ бүхий 32 км авто замын зураг төсөв магадлалын ерөнхий дүгнэлтийн дагуу нийт төсөвт өртөг 916 тэрбум төгрөг байхаар баталсан. Монгол Улсын Засгийн газрын 2025 оны нэгдүгээр сарын 2-ны өдрийн ээлжит хуралдаанаар “Туулын хурдны зам”-ыг 6 эгнээ болгох, төвийн бүсийн хэсгээр дайран өнгөрч байгаа хэсгийг гүүрэн байгууламж болгохоор шийдвэрлэсэн. Уг шийдвэртэй холбогдуулан тус төслийн нийт төсөвт өртөг 1,965 тэрбум төгрөг болон нэмэгдсэн юм.

Мөн төслийг нийслэл Улаанбаатар хотод хэрэгжих авто замын томоохон төсөл, арга хэмжээтэй уялдуулах явцад гүүрэн байгууламжийн уртыг нэмэгдүүлэх шаардлага үүссэн байна. Ийнхүү гүүрэн байгууламжийн урт 6771 метр байсныг 9878 урт метр болгон нэмэхээр шийдвэрлэжээ.

Уг төсөл хэрэгжсэнээр хотын төвийн авто замын ачааллыг бууруулж, замын хөдөлгөөний үр ашгийг дээшлүүлэх, эдийн засгийн өсөлтийг дэмжих, иргэдийн цаг хугацааг хэмнэх, орчин үеийн стандарт бүхий авто замын сүлжээг хөгжүүлэхэд өндөр ач холбогдолтой хэмээн үзэж байгаа аж.  

mobile-logo