bnr-0
Биржийн шинэчлэл: Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаанд хуулийн өөрчлөлт зайлшгүй гэж үзлээ
04 сарын 18, 2025
ХУВААЛЦАХ
  • Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг УИХ-ын чуулган хэлэлцэв.
  • Төрийн өмчийн компаниуд дотоодын үйлдвэрт бүтээгдэхүүн нийлүүлж чадахгүй байдал үүссэн тул эрх зүйн зохицуулалт шаардагдаж байна.
  • Биржийн арилжаа буурч, эрэлт хумигдсан нь орлого алдах, Үндэсний баялгийн сангийн хуримтлалд сөргөөр нөлөөлж болзошгүй байна.
Төмрийн хүдэр болон нүүрсний агуулахууд дүүрч, зах зээл дээр борлогдохгүй овоолсон түүхий эдийн үнэ цэн буурах эрсдэлтэй нүүр тулсан байна.

Улсын Их Хурлын хаврын чуулганы 2025 оны дөрөвдүгээр сарын 17-ны өглөөний хуралдаанаар Засгийн газраас өргөн барьсан Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэв.

Хуулийн төслийг танилцуулсан сайд Ц.Туваан “2023-2025 онд 43 сая тонн уул уурхайн бүтээгдэхүүнийг 17 их наяд төгрөгөөр арилжсан ч биржийн зохицуулалтын хийдэл, хууль хоорондын зөрчил арилжааг хумихад хүргэсэн” гэж тайлбарлав. Тухайлбал, төрийн өмчит компанийн бүтээгдэхүүнийг зөвхөн биржээр арилжина гэсэн заалтаас үүдэн “Эрдэнэс Критикал Минералс”, “Дархан Төмөрлөгийн Үйлдвэр” зэрэг компани дотоодын зах зээлд бүтээгдэхүүн нийлүүлж чадахгүйд хүрчээ.

Үүнээс шалтгаалж төмрийн хүдэр болон нүүрсний агуулахууд дүүрч, зах зээл дээр борлогдохгүй овоолсон түүхий эдийн үнэ цэн буурах эрсдэлтэй нүүр тулсан байна. 2025 оны эхний хоёр сард нүүрсний арилжаа өнгөрсөн оны мөн үеэс 9 дахин буурч, дунджаар 1-2 худалдан авагч л оролцож байгаа аж. Энэ нь эрэлт хангалтгүй, үнэ унасан, форвард гэрээ биелэхгүй байх зэрэг сөрөг үр дагавар дагуулжээ.

Хуулийн төслийн хүрээнд биржийн арилжааны нөхцөлийг олон улсын худалдааны стандарттай уялдуулан тээвэртэй эсвэл тээвэргүй худалдаалах уян хатан байдал бий болгохоор тусгасан нь зарим гишүүдийн дунд санал хуваав. Зарим гишүүн бартерын хэлбэртэй “бүтээгдэхүүн солилцох” механизм нь төсвийн зарчмыг зөрчиж, давхар санхүүгийн тогтолцоо бий болгох эрсдэлтэйг шүүмжлэв.

Нөгөө талаас дотоодын баяжуулах үйлдвэрүүдийг дэмжих, бага агуулгатай хүдрийг экспортлох боломж бүрдүүлэх зохицуулалтыг зарим гишүүн сайшааж, үндэсний үйлдвэрлэлийг дэмжсэн алхам болохыг онцоллоо. Хуулийн төслөөр цацраг идэвхт ашигт малтмалын борлуулалтыг хянах зохицуулалтыг ч багтаан Цөмийн энергийн газрыг байгуулж, Олон улсын атомын энергийн агентлагт мэдээлэл хүргүүлэх эрх зүйн орчинг бүрдүүлнэ гэж тодотгожээ.

Хэлэлцүүлгийн төгсгөлд гишүүд уг хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж, цаашид бүлгийн хурлаар дахин хэлэлцэн эцсийн санал хураалтыг ирэх пүрэв гарагт буюу дөрөвдүгээр сарын 24-нд явуулахаар тогтов.   

mobile-logo