bnr-0
АН-ыг хамтарсан Засгийн газраас гаргахаар болсон үндэслэлүүдийг дэлгэв  
05 сарын 23, 2025
ХУВААЛЦАХ
  • МАН-ын VI бага хурлын шийдвэрийг танилцуулж, АН-ыг хамтарсан Засгийн газраас гаргах болсон үндэслэлүүдийг дэлгэв.
  • АН-ын гишүүд "Огцрох амархан" жагсаалд оролцож, Засгийн газрын тэргүүнийг огцруулахаар гарын үсэг зурсан зэрэг үндэслэлүүдийг танилцууллаа.
  • Хамтарсан Засгийн газар өнөөдөр сүүлчийн хуралдаанаа хийх байсан ч, тодорхойгүй шалтгаанаар хойшлууллаа.
АН-ын гишүүд сөрөг хүчин мэт ажиллаж "Огцрох амархан" жагсаалд оролцсон гэж үзжээ

Лхагва гарагт болсон МАН-ын VI бага хурлын шийдвэрийг танилцуулж, АН-ыг хамтарсан Засгийн газраас гаргах болсон үндэслэлүүдийг дэлгэлээ. Тус намын бага хурлын 479 гишүүний 70 хувь буюу 320 орчим гишүүн хурал оролцсон байна. Нууцаар санал хураалтаар тэдний 62 хувь нь одоогийн хамтарсан Засгийн газрыг тараах санал өгчээ.

АН-ыг хамтарсан Засгийн газраас гаргасан үндэслэлүүд:

-УИХ-ын байнгын хороодын хуралдаан, чуулганы нэгдсэн хуралдаанд АН-ын гишүүд хангалттай оролцдоггүй, ирц бүрдүүлдэггүй.

-Засгийн газраас УИХ-д оруулсан саналуудыг дэмждэггүй.

-АН-ын сайд Ц.Туваан Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамыг удирдсан. Гэвч энэ салбарын гол хууль болох Ашигт малтмалын тухай хуулийн төслийг өнөөг хүртэл өргөн бариагүй.

-АН-ын гишүүд сөрөг хүчин мэт ажиллаж (УИХ-ын гишүүн С.Цэнгүүн, Ч.Лодойсамбуу, Д.Ганбат, Ж.Баярмаа) "Огцрох амархан" жагсаалд оролцож, Засгийн газрын тэргүүнийг огцруулахаар гарын үсэг зурсан.

-Орон нутагт АН улс төрийн томилгоо их хийж, төрийн албан хаагчдыг ажлаас нь олноор нь чөлөөлсөн. Тухайлбал, байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа энэ салбарт халаа сэлгээ их хийсэн зэрэг нь хамтарсан Засгийн газрыг тараах үндэслэл боллоо гэж үзжээ.

Хамтарсан Засгийн газар өнөөдөр сүүлчийн хуралдаанаа хийх байсан ч, хойшлууллаа. МАН-ын Бага хурал лхагва гарагт Хамтарсан Засгийн газрыг тараах шийдвэр гаргасан. 

mobile-logo