bnr-0
Гашуунсухайт-Ганцмод боомтоор гаргасан нүүрсний хэмжээ өнгөрсөн оны мөн үеэс 20 хувиар өслөө
09 сарын 11, 2024
ХУВААЛЦАХ
  • Гашуунсухайт-Ганцмод боомтоор экспортолсон нүүрсний хэмжээ 30 орчим сая тоннд хүрч, өмнөх оны мөн үеэс 20 хувиар өслөө.
  • Манай нүүрсний экспортын гол боомт Гашуунсухайтаар өнгөрсөн онд 36.5 сая тонн нүүрс буюу нийт экспортын 52 хувь нь дамжин өнгөрсөн.
  • 2024 онын төсөвт 60 сая тонн нүүрс экспортлохоор тусгасан.

Энэ оны эхний найман сард Гашуунсухайт-Ганцмод боомтоор экспортолсон нүүрсний хэмжээ 30 орчим сая тоннд хүрч, өмнөх оны мөн үеэс 20 хувиар өслөө. Энэ онд тус боомтоор 40 сая тонн нүүрс Хятадад экспортлохоор төлөвлөсний талаас илүүг нь экспортлоод байна.Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Монгол Хятадын хилийн Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын суурь бүтцийн барилгын ажлын зөвшөөрлийг “Тавантолгой төмөр зам” ХХК-д таван жилийн хугацаатай олгох шийдвэрийг гаргасан.

Есдүгээр сарын 5-ны байдлаар Монголын III ангиллын угаасан коксжих нүүрсний үнэ тонн тутамд 1360 юань байгаа нь өмнөх сараас 90 юаниар буурсан үзүүлэлттэй аж. Хэдий үнийн бууралт байгаа ч нүүрсээ биржээр арилждаг болсноор төсөвт орох мөнгөний дүн дагаад өссөн.Өнгөрсөн жил нүүрсний экспорт түүхэнд дээд хэмжээнд буюу 70 сая тоннд хүрч байсан бол энэ жил БНХАУ-ын үл хөдлөх хөрөнгийн зах зээл удааширсан мөн гангийн экспорт бага зэрэг саарсантай уялдуулан 60 сая тонн болгож, биет хэмжээгээ бууруулсан.  Хятад ч гэсэн өнгөрсөн онд анх удаа 100 сая тн коксжсон  нүүрс импортоор авч, хамгийн өндөр худалдан авалт гэж зарлаж байсан. 2023 оны байдлаар БНХАУ-ын импортоор авсан коксжих нүүрсний 78 хувийг ОХУ, Монгол Улс хангасан байна. 2024 оны нэгдүгээр улирлын байдлаар тус улсад нийлүүлж байгаа нүүрсний экспортоороо Индонез тэргүүлж, ОХУ удаалж, манай улс гуравдугаарт байна.

 Цахилгаан эрчим хүчний эрэлт, эрчим хүчний аюулгүй байдалтай холбоотойгоор өнгөрсөн онд Хятадад нүүрсний хэрэглээ 5 хувиар өссөн. Үүнээс үүдэн эрчим хүчний нүүрсний импортын хэмжээ 370 сая тонн хүрч, дээд амжилтыг тогтоосон. Тус улс нүүрсхүчлийн хийг бууруулах амлалтын хүрээнд 2028 он хүртэл сэргээгдэх эрчим хүчний хүчин чадлыг 2,060 ГВт-аар нэмэгдүүлнэ. Хүлэмжийн хийтэй холбоотой дотоодын нүүрсний уурхайг хаах ажлыг үргэлжлүүлэх тул нүүрсний импортын өнгөрсөн оны байдал хадгалагдах төлөвтэй байна.

 Манай нүүрсний экспортын гол боомт Гашуунсухайтаар өнгөрсөн онд 36.5 сая тонн нүүрс буюу нийт экспортын 52 хувь нь дамжин өнгөрсөн. Хилийн Гашуунсухайт авто замын боомт нь 1992 оны долдугаар сарын 21-ний өдөр байгуулагдсан. Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт байрладаг. Улаанбаатар хотоос 800 км, харин Өмнөговь аймгийн Ханбогд сумаас 130 км-иийн зайтай. Даваа-Бямба гарагт 08:00-20:00 цагт уул уурхайн бүтээгдэхүүн нэвтрүүлдэг. Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалсан хүндрэл үүсэхгүй  бол нийлүүлэлтэд санаа зовох асуудал байхгүй гэжээ. 2023 онд манай улс нүүрсний экспортоос 8.9 тэрбум ам.долларын борлуулалт хийсэн.

mobile-logo