- УИХ: Монгол Улсын 2025 оны төсвийг 35.8 их наяд төгрөгөөс 33.7 их наяд болгон бууруулж, алдагдалгүй төсөв баталсан.
- Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 81.8 хувийн саналаар баталжээ.
- Сангийн яам: Улсын төсвийг цаг алдахгүй хэлэлцэж баталснаар ард иргэдийн ажил амьдрал, бизнес эрхлэгч аж ахуйн нэгж, төрийн байгууллагын үйл ажиллагаанд хүндрэл учруулахгүй, хэвийн үргэлжлэх нөхцөл бүрдлээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд 2025 оны улсын төсөвт хориг тавьж, Улсын Их Хурал энэ хоригийг хэлэлцэж, бодлого эрх зүйн бүрэн үндэслэлтэй хэмээн үзэж хүлээн авсан.Энэ үндсэн дээр Улсын Их Хурлаас Засгийн газарт алдагдалгүй төсвийн төсөл боловсруулах чиглэл өгсөн шийдвэрийн дагуу 2025 оны төсвийн төслийг хоёрдахь удаагаа боловсруулан, Улсын Их хурал тус хуулийн төслийг 2 дахь удаагаа хэлэлцэн баталлаа. Гол гол таналт, бас шинээр нэмэгдсэн ажлын төсвийг энд товч танилцуулья. Үүнд,
-Төрийн зарим байгууллагын 2025 оны төсвийн жилд нэмэгдэхээр тооцсон шинэ орон тоог тодорхой хувиар бууруулахтай холбоотойгоор тухайн байгууллагуудын урсгал зардлыг нийт 40.1 тэрбум төгрөгөөр,
-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын төсвийн багц дахь татаасыг 3.0 тэрбум төгрөгөөр
-Эрчим хүчний реформын Үндэсний хорооны мэдээлэл, сурталчилгааны зардлыг 9.0 тэрбум төгрөгөөр,
-Бүх төсөвт байгууллагын түлш, халаалтын зардлыг 11.5 тэрбум төгрөгөөр,
-Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын төсвийн багцад тусгагдсан Төрийн албан хаагчийг мэргэшүүлэх хөтөлбөрийн зардлыг 2.0 тэрбум төгрөгөөр
-Хууль зүй, дотоод хэргийн сайдын төсвийн багцад тусгагдсан Архидан согтууралттай тэмцэх сангийн санхүүжилтийг 6.9 тэрбум төгрөгөөр
-Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын төсвийн багцад тусгагдсан Байгаль орчин, уур амьсгалын сангийн санхүүжилтийг 0.7 тэрбум төгрөгөөр тус тус бууруулсан байна. Ингэснээр төсвийн нийт урсгал зардлыг 73.2 тэрбум төгрөгөөр бууруулжээ.
Эдгээр зардлын эх үүсвэрээр,
-Хавдрын эмнэлгийн зориулалтаар ашиглах объектыг лизингээр авах эхний удаагийн төлбөрт 17.0 тэрбум төгрөг,
-Тус эмнэлгийн тоног төхөөрөмжийн зардал 6.9 тэрбум төгрөг,
-Сургууль, цэцэрлэг, дотуур байрны хүүхдийн хоолны зардалд 31.4 тэрбум төгрөг,
-Цэцэрлэг, гурван ээлжээр хичээллэж байгаа ерөнхий боловсролын сургуулийн байрны түрээсийн зардалд 10.0 тэрбум төгрөг,
-ХСҮТ-ийн барилгын засварт 2.9 тэрбум төгрөг,
-Эрчим хүчний бодлогын шинэчлэл хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд 5.0 тэрбум төгрөгийг тус тус зарцуулахаар нэмж тусгасан байна.
2025 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн дүн 33.5 их наяд төгрөг буюу ДНБ-ий 35.2 хувь, нийт зарлага ба цэвэр зээлийн дүн 33.5 их наяд төгрөг буюу ДНБ-ий 35.2 хувьд хүрч нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл алдагдалгүй болж, суурь тэнцэл дотоодын нийт бүтээгдэхүүний 3.3 хувийн ашигтай болж байна.
Ийнхүү улсын төсвийг цаг алдахгүй хэлэлцэж баталснаар ард иргэдийн ажил амьдрал, бизнес эрхлэгч аж ахуйн нэгж, төрийн байгууллагын үйл ажиллагаанд хүндрэл учруулахгүй, хэвийн үргэлжлэх нөхцөл бүрдлээ.