- Goldman Sachs 2025 оны эцэст алтны ханшийн таамгийг $3,100-оос $3,300 болгон өсгөв.
- Төв банкуудын худалдан авалт ба Хятадын даатгалын компаниудын оролцоо эрэлтийг нэмэгдүүлэх төлөвтэй байна.
- Шанхайн алтны биржид нэгдсэн Хятадын даатгалын дөрвөн компани нийт 13 их наяд юанийн хөрөнгөтэй.

Алтны ханш 2025 онд өмнөхөөс илүү өсөх хандлагатай буйг Goldman Sachs банкны түүхий эдийн шинжээчид тайлбарлав. Тэдний судалгаагаар Ази тивийн улс орнуудын Төв банкууд алтны нөөцийн зорилтот түвшинд хүрэхийн тулд ирэх 3–6 жилийн хугацаанд худалдан авалтаа үргэлжлүүлэх төлөвтэй байна.
Goldman Sachs-ийн таамаглалаар алтны спекулятив позиц буюу богино хугацааны хөрөнгө оруулалтын түвшин буурна гэж үзсэн бөгөөд дээд үнийн таамаглал нь геополитикийн тодорхойгүй байдал өндөр хэвээр байх нөхцөлд суурилжээ. 2025 оны эцэс гэхэд унци алтны ханш $3,300 хүрч, богино хугацаанд $3,250–$3,520-ийн хооронд хэлбэлзэх төлөвтэй гэж дүгнэв.
Шинэ долоо хоногийн эхэнд Азийн арилжааны зах зээлд алтны ханш 0.4 хувиар өсөж $3,031.08 болжээ. Эрэлт нэмэгдэх хүлээлт энэхүү өсөлтөд дэмжлэг болж буйг шинжээчид онцолж байна.
Учир нь Шанхайн алтны бирж Хятадын даатгалын дөрвөн компанид гишүүнчлэл олгож, алт худалдан авах туршилтын хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн нь шинээр худалдан авагчдын давалгааг бий болгоно гэсэн хүлээлттэй буй юм. Эдгээр даатгалын компани нийлээд 13 их наяд юанийн хөрөнгөтэй бөгөөд энэхүү туршилтын хөтөлбөрийн хүрээнд боломжит алтны худалдан авалтын 60 хувийг бүрдүүлэх боломжтой юм.
Алт нь геополитик, эдийн засгийн тодорхойгүй байдал нэмэгдэх үед найдвартай хөрөнгө оруулалтын хэрэгсэл байсаар ирсэн бөгөөд ирэх жилүүдэд институцийн худалдан авагчдын оролцоо нэмэгдэх нь үнэ өсөлтийг дэмжих гол хүчин зүйл болох төлөвтэй байна.