- Спот алтны ханш 1.3 хувиар өсөж, унци нь 3,428.10 ам.долларт хүрсэн нь дөрөвдүгээр сард тогтоосон түүхэн дээд ханш болох 3,500.05 ам.долларт ойртож байна.
- Мөн АНУ-ын инфляцын сул үзүүлэлт, Холбооны Нөөцийн Сан бодлогын хүүг бууруулах магадлал нэмэгдсэн нь алтны ханшийн өсөлтийг дэмжиж буй.
- Goldman Sachs 2025 оны эцэс гэхэд алтны ханш унци нь 3,700 ам.доллар, 2026 оны дунд үе гэхэд 4,000 ам.доллар хүрнэ гэж дахин онцолжээ.

Израиль Ираны мөргөлдөөнөөс үүдэн хөрөнгө оруулагчид аюулгүй хөрөнгө оруулалт болох алт руу хошуурч, алтны ханш баасан гарагт сүүлийн хоёр сарын дээд түвшинд хүрэхэд ойртлоо. Спот алтны ханш 1.3 хувиар өсөж, унци нь 3,428.10 ам.долларт хүрсэн нь дөрөвдүгээр сард тогтоосон түүхэн дээд ханш болох 3,500.05 ам.долларт ойртож байна. Энэ долоо хоногийн хувьд нийт 4 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
“Израиль Ираны мөргөлдөөн геополитикийн тодорхойгүй байдал бий болгож, зах зээлд айдас төрүүллээ. Үнийн өсөлт үргэлжилж магадгүй” хэмээн RJO Futures компанийн ахлах зах зээлийн стратегич Даниел Павлионис тайлбарлав.
Мөн АНУ-ын инфляцын сул үзүүлэлт, Холбооны Нөөцийн Сан бодлогын хүүг бууруулах магадлал нэмэгдсэн нь алтны ханшийн өсөлтийг дэмжиж буй. Алт нь эдийн засгийн болон геополитикийн тогтворгүй үед найдвартай хөрөнгө гэж тооцогддог.
Goldman Sachs 2025 оны эцэс гэхэд алтны ханш унци нь 3,700 ам.доллар, 2026 оны дунд үе гэхэд 4,000 ам.доллар хүрнэ гэж дахин онцолжээ. Харин Bank of America ирэх 12 сарын хугацаанд алт унци нь 4,000 ам.долларт хүрэх боломжтой гэж таамаглаж байна.