- Монгол Улс одоогоор нэг хүнд ногдох хүлэмжийн хийн ялгарлын хэмжээгээр дэлхийд эхний есдүгээрт жагсаж буй.
- Дэлхийн банк: Үр ашгийг нь нэмэгдүүлж чадахгүй байгаа уламжлалт ХАА-н үйлдвэрлэл хүлэмжийн хийн нэг гол үйлдвэрлэгч болсоор ирсэн. Иймд татвар, урамшуулал, хөнгөлөлт, чөлөөлөлтөө эргэж харах цаг болсон.
- Дэлхий нийтээрээ нүүрснээс татгалзаж байгаа энэ цагт ирээдүйн эдийн засгийн шинэ төлөвтөө эртнээс бэлтгэж эхлэхийг Дэлхийн банк санууллаа.
Уур амьсгалын өөрчлөлтийг хамгийн их мэдэрч байгаа орнуудын нэг бол Монгол Улс. Дэлхийн банкнаас гаргасан тайлангаар Монгол оронд гурван жил дарааллаад л ган эсвэл зуд болоход эдийн засаг нь 20 хувь агшиж, ажилгүйдэл, ядууралд маш олон хүн өртөх болно гэдгийг сэрэмжлүүлж байна.
Уур амьсгалын өөрчлөлт зүгээр өмнөх ажлаа хийгээд сууж байхад гэнэт нэг өдөр бий болсон зүйл огт биш. Монгол Улс одоогоор нэг хүнд ногдох хүлэмжийн хийн ялгарлын хэмжээгээр дэлхийд эхний есдүгээрт жагсаж буй.
Дээр нь дэлхийн хөгжингүй орнуудын татгалзаад эхэлсэн чулуужсан нүүрсний хэрэглээ маш өндөртэй. Эдийн засгийн хамгийн гол хөдөлгөгч хүч нь нүүрсний экспорт байна гэдгийг Дэлхийн банк тайландаа онцолжээ.
Мөн үр ашгийг нь нэмэгдүүлж чадахгүй байгаа уламжлалт ХАА-н үйлдвэрлэл хүлэмжийн хийн нэг гол үйлдвэрлэгч болсоор ирсэн.
Монгол Улсын 2030 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 22.7 хувиар бууруулах амлалт авсан хэдий ч 2010 оны түвшинтэй харьцуулахад хүлэмжийн хийн ялгарал 122 хувиар өссөн гэдгийг мөн дурджээ.
Улаанбаатар хотын өвлийн агаарын бохирдол айл өрх болон аж ахуйн нэгж, улмаар улсын эдийн засагт жил бүр үзүүлэх дарамт нь өссөөр байна. Иймд эдийн засгийн хөгжилтэй эн тэнцүү уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, ногоон шилжилт хийхийг Дэлхийн Банкны Хятад, Монгол болон Солонгос Улс хариуцсан захирал Мара К.Уорвик онцолжээ.
Олон Улсын Санхүүгийн Корпорацын Зүүн Ази, Номхон далайн бүс хариуцсан захирал Ким-Си Лим “Монгол Улсын уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад чиглэсэн үйл ажиллагаа болон хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд ирэх 25 жилийн хугацаанд 10 гаруй тэрбум ам.доллар (өнөөгийн ханшаар)-ын нэмэлт хөрөнгө оруулалт шаардлагатай“ гэсэн мэдэгдэл хамгийн их анхаарал татаж байлаа.
Ингээд,
- Хөдөө аж ахуйн салбарын хөнгөлөлт, урамшуулал, татварын системийг шинэчлэх замаар хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах.
- Нүүрсний эрэлт буурах ирээдүйн төлөвт эртнээс бэлтгэх,
- Монголын зэс болон бусад ашигт малтмалын эрэлтийг нэмэгдүүлж, улмаар бусад экспортын шинэ боломжуудыг бий болгох
- Ус, салхи, нарны эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх. Асар их нөөцийг аясаар нь бус ашиглахад төрөөс бүхий л талаар дэмжлэг үзүүлж ажиллахыг зөвлөжээ.