
Нийтийн тээврийн нийт орлого 2025 оны эхний таван сард 22 тэрбум гаруй төгрөгт хүрлээ. Энэ нь 2024 оны мөн үеэс 69.2 хувиар буюу 9 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн дүн юм.
“Улаанбаатар смарт карт”-аас төвлөрөх орлого 2024 оны эхний таван сарын байдлаар 13 тэрбум төгрөг байсан бол 2025 оны эхний таван сард уг орлого 16.1 тэрбум төгрөгт хүрч, даруй 3.1 тэрбум төгрөгөөр өсчээ.
Нийслэл “Улаанбаатар смарт карт” ХХК-ийн 79 хувийн хувьцаа эзэмшигч болж, Улаанбаатар хотын нийтийн тээврийн орлого, зохицуулалтыг хянах боломж бүрдсэн. Нийслэл тус компанийн 24 хувийг эзэмшиж байсан ба 55 хувийн эзэмшигч байсан БНСУ-ын “Ти мони” ХК-тай хэлэлцээр хийж, хувьцааг шилжүүлэн авсан юм. U-Money төлбөрийн системийн орлого жил ирэх тусам буураад байсан талаар НЗДТГ-аас тус хэлэлцээрийг хийх үеэр мэдэгдсэн юм.
2025 оны эхний таван сарын байдлаар нийтийн тээврээр зорчигчийн тоо давтагдсан тоогоор 68.4 саяд хүрсэн нь өмнөх оны мөн үеэс 12.5 хувиар өссөн үзүүлэлт боллоо.