bnr-0
АНУ Хятадад үйлдвэрлэсэн контейнер бүхий хөлөг онгоцуудад өндөр торгууль ногдуулах асуудлыг судалж байна
03 сарын 28, 2025
ХУВААЛЦАХ
  • АНУ дотооддоо хөлөг онгоц үйлдвэрлэлээ дэмжих зорилгоор Хятадад үйлдвэрлэсэн контейнер хөлөг онгоцуудад өндөр торгууль ногдуулах саналыг судалж байна.
  • Дэлхийн далайн тээврийн зөвлөл (WSC)-ийн мэдээлснээр, уг торгууль АНУ-ын боомтуудад ирж буй бүх контейнер хөлөг онгоцны 98%-д хамаарах магадлалтай.
  • 2024 онд АНУ-ын боомтуудад далайн тээврийн хөлөг онгоцууд нийтдээ 12,410 удаагийн зогсолт хийж, ачаа бараа тээвэрлэсэн гэж Sea Intelligence мэдээлжээ.
Цагаан ордны БНХАУ-ын эсвэл Хятадад үйлдвэрлэсэн өөр улсын эзэмшлийн далайн тээврийн хөлөг онгоцуудад татвар ногдуулаад эхэлвэл одоо тээвэрт ашиглаж байгаа нийт онгоцны 98 хувьд нь хамаарна.

АНУ дотоодын хөлөг онгоцны үйлдвэрлэлээ сэргээх зорилгоор Хятадад үйлдвэрлэсэн контейнер бүхий хөлөг онгоцуудад өндөр торгууль ногдуулах асуудлыг хэлэлцэж эхэлжээ.  

АНУ-ын Засгийн газар Хятадад үйлдвэрлэсэн хөлөг онгоцоор бараа тээвэрлэхийг хязгаарлах бодлого мөн баримталж байна. Ингэснээр  АНУ-ын боомтуудад ирж буй Хятадад үйлдвэрлэсэн усан онгоцнуудад өндөр татвар ногдуулах замаар өөрсдийн дотоодын энэ чиглэлийн үйлдвэрлэлээ сэргээнэ гэж тооцож байна. 

Шинээр ногдуулах татвар, хураамж нь: 
 • Хятадын өмчлөлтэй тээвэрлэгч компаниудад (жишээ нь COSCO) хөлөг онгоц бүрт 1 сая ам.долларын үйлчилгээний хураамж ногдуулна.
 • Хятадаас өөр өмчлөлтэй боловч Хятадад үйлдвэрлэсэн усан онгоц ашигладаг тээвэрлэгчдэд АНУ-ын боомтод зогсох тутамд 1.5 сая ам.долларын хураамж төлөх шаардлага тавих ажээ. 

АНУ-ын худалдаа, эдийн засагт үзүүлэх нөлөө

Дэлхийн далайн тээврийн зөвлөл (WSC)-ийн мэдээллээр, жил бүр 1.5 их наяд ам.долларын бараа, бүтээгдэхүүн АНУ-ын худалдаа далайн тээврийн салбараар дамжин өнгөрдөг. Энэхүү салбар нь АНУ-д 6.4 сая ажлын байрыг дэмжиж, эдийн засагт 1.1 их наяд ам.долларын хувь нэмэр оруулдаг.

АНУ-ын Худалдааны төлөөлөгчийн газар (USTR)-аас санал болгосон боомтын шинэ хураамжууд нэг чингэлэгт 600–800 ам.долларын нэмэлт зардлыг бий  болгож, энэ нь АНУ-ын экспортын тээврийн зардлыг хоёр дахин нэмэгдүүлэх төлөвтэй байна.  Цаашлаад дэлхийн худалдаанаас маш багахан хэмжээний ашиг хүртсээр ирсэн фермерүүд, бараа бүтээгдэхүүнээ дандаа бөөний үнээр борлуулдаг худалдаачдад хэрвээ энэ шийдвэр хэрэгжээд эхэлвэл тун хүнд цохилт болно гэдгийг ч онцолж байна. 

Шүүмжлэл ба эсэргүүцэл

АНУ-ын Худалдааны төлөөлөгчийн газрын /USTR-ийн/  саналыг эсэргүүцэж,  тус улсын холбооны, мужийн,  орон нутгийн 300 гаруй худалдааны холбоо, мөн олон зуун компани, хувь хүмүүс ийм шийдвэр гаргаж болохгүй гэдэг саналаа хүргүүлжээ. 

Учир нь эдгээр хураамжууд нь АНУ-ын экспортлогчид, хэрэглэгчдийн зардлыг нэмэгдүүлж, нийлүүлэлтийн сүлжээнд үр ашиггүй байдал үүсгэх ч яг жинхэнэ онилоод байгаа Хятадын худалдааны бодлогыг өөрчлөхөд дорвитой нөлөө үзүүлэх хэмжээний алхам биш гэдгийг онцлон дурджээ. 

Энэ асуудлыг хэлэлцэх болсон шалтгаан:

АНУ-ын Засгийн газар энэ бодлогыг хэрэгжүүлэх болсон гол шалтгаан нь Хятадын усан онгоцны үйлдвэрлэл огцом нэмэгдсэнтэй холбоотой. Хятадын далайн тээврийн салбарын өсөлт нь АНУ-д эдийн засгийн аюулгүй байдал, худалдааны тэнцвэртэй байдалд сөргөөр нөлөөлж болзошгүй гэх болгоомжлол өндөр авсан тул  энэ асуудлыг хэлэлцэж эхэлжээ.  

Шийдвэрийн үр дагавар: 

Энэ нь АНУ-ын гадаад худалдаа, экспорт, хөдөө аж ахуй, ложистик зэрэг олон салбарт ноцтой нөлөө үзүүлнэ гэж шинжээчид үзэж байна.

Дэлхийн Далайн Тээврийн Зөвлөл (World Shipping Council, WSC)-ийн тооцоолсноор, АНУ-ын Худалдааны төлөөлөгчийн газар (USTR)-аас авч хэрэгжүүлэх гэж буй шинэ дүрэм АНУ-ын боомтуудад ирж буй бүх далайн тээврийн 98%-д хамаарах болно гэдгийг онцолжээ. 

АНУ-ын фермерүүд болон дэлхийн далайн тээврийн компаниуд Хятадад үйлдвэрлэсэн контейнер хөлөг онгоцуудад өндөр торгууль ногдуулах АНУ-ын Засгийн газрын саналыг эрс эсэргүүцэж, энэ нь эдийн засагт ноцтой хохирол учруулна гэж анхааруулж байна.

Хөдөө аж ахуйн салбарт үзүүлэх нөлөө 

АНУ-ын Хөдөө Аж Ахуйн Тээвэрлэлтийн Холбоо (AgTC)-ны гүйцэтгэх захирал Питер Фрийдман уг төлөвлөгөөнд шүүмжлэлтэй хандаж байгаагаа ийнхүү илэрхийлжээ. Түүний үзэж буйгаар,  АНУ-ын хөдөө аж ахуйн экспортын салбарт энэ шийдвэр тун хүнд цохилт болно гэж мэдэгдсэн байна.  Мөн АНУ-д үйлдвэрлэсэн, олон улсын худалдаанд ашиглах боломжтой хөлөг онгоц одоогоор байхгүй тул АНУ-ын экспортлогчид, тэр дундаа хөдөө аж ахуйн салбар энэ торгуулиас ихээхэн хохирол амсана гэжээ. 

Улс төрийн орчин

 • АНУ-ын Худалдааны Төлөөлөгчийн Газар (USTR) энэ долоо хоногийн Даваа, Лхагва гарагт уг асуудлаар олон нийтийн сонсгол зохион байгуулжээ.

 • Ерөнхийлөгч Жо Байдены үед эхэлсэн Хятадын усан онгоцны үйлдвэрлэлийг шалгах ажиллагаа  Дональд Трампын засаг захиргааны үед үргэлжилж, Трамп саяхны Конгрессын илтгэлдээ “Цагаан ордонд хөлөг онгоц үйлдвэрлэлийн шинэ алба байгуулж, АНУ-д үйлдвэрлэсэн хөлөг онгоцнуудыг татвараас чөлөөлөх бодлого хэрэгжүүлнэ” гэж мэдэгдсэн байна. 

Дүгнэлт 

АНУ Хятадын эсрэг худалдааны тарифын бодлогоо өргөжүүлж, далайн тээврийн салбарт шинэ хязгаарлалт тавихыг зорьж байгаа ч фермерүүд болон далайн тээврийн салбарынханд энэ нь хэт халтай гэж үзэж байна. . АНУ-ын боомтуудад ирж буй бараг бүх контейнер хөлөг онгоц торгуульд өртөх тул экспорт, хөдөө аж ахуй, логистик, олон улсын худалдаанд томоохон хүндрэл үүсэх эрсдэлтэй гэж мэдээлж байна. Гол ь хэрэглэгчдийн гар дээр очих барааны үнэ дагаад өсөх аж.   

 

mobile-logo