- Алт унци нь $3071.30-д хүрч, дээд амжилт тогтоов
- АНУ автомашины импортод 25 хувийн тариф зарласнаар зах зээлд савлагаа үүсэв
- Хөрөнгө оруулагчид инфляц болон худалдааны хариу арга хэмжээг анхаарч эхэллээ

Алтны ханш дэлхийн зах зээл дээр урьд хожид байгаагүй өндөрт хүрч, нэг трой унци нь $3071.30 болж түүхэнд шинэ хуудас нээлээ. Энэ өсөлт нь АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын гадны автомашины импортод 25 хувийн гаалийн тариф зарласантай холбоотойгоор хөрөнгө оруулагчид эрсдэлээс зугтаж, алт руу тэмүүлсэнтэй холбоотой аж.
Арилжааны зах зээлд мөн хандлага ижил байгаа бөгөөд фьючерс гэрээний үнэ 1.4 хувиар өсөж, $3063.80-д хүрээд байна. Зах зээлийн тогтворгүй байдал улам гүнзгийрэх төлөвтэй байгаа энэ үед алт улам бүр аюулгүй хөрөнгө оруулалтын хэрэгсэл болж, хөрөнгө оруулагчдын анхаарлыг бүрэн татаж эхэллээ.
Forex.com-ийн шинжээч Фавад Разақзада "Хувьцааны зах зээлд хүчтэй савлагаа ажиглагдаж байгаа нь хүмүүсийг алтыг илүүд үзэхэд хүргэлээ. Худалдааны дайн бүрэн эхэлсэн гэж хэлж болно. Ойрын хугацаанд АНУ болон бусад улсууд харилцан хариу арга хэмжээ авах нь тодорхой" хэмээн дүгнэжээ.
Эдийн засгийн тодорхойгүй байдал газар авснаар хөрөнгө оруулагчид инфляцын үзүүлэлт болон АНУ-ын зүгээс ирэх худалдааны нэмэлт тарифт илүү анхаарах болж байна. Иймэрхүү байдал нь алтыг улам бүр найдвартай хөрөнгө оруулалт болгож буйг шинжээчид онцолж буй. Худалдааны дайны сүүдэрт орсон дэлхийн зах зээлд алтаар бамбай хийж буй хөрөнгө оруулагчид одооноос илүү болгоомжтой, хянуур хандлага баримтлах төлөвтэй байна.