- Их Британийн Тагнуулын алба болох MI6-ийг түүхэндээ анх удаа эмэгтэй хүн удирдахаар болжээ.
- Их Британийн Засгийн газар Блэйз Метревелиг MI6 буюу Нууц тагнуулын албаны даргаар томилсон байна.
- Метревелигийн хувьд олон нийтийн өмнө бараг гарч байгаагүй, бүх насаа тагнуулын албанд зориулсан нууцлаг карьертай удирдагч юм.

Их Британийн Тагнуулын алба болох MI6-ийг түүхэндээ анх удаа эмэгтэй хүн удирдахаар болжээ. Их Британийн Засгийн газар Блэйз Метревелиг MI6 буюу Нууц тагнуулын албаны даргаар томилсон бөгөөд тэрбээр 116 жилийн түүхтэй тус байгууллагын анхны эмэгтэй удирдлага болж буй.
Метревели нь MI6-д бүх карьераа зориулсан туршлагатай тагнуулч бөгөөд хамгийн сүүлд технологи, инновац хариуцсан ерөнхий захирлын албыг хашиж байсан юм. Энэ албан тушаалыг кино сонирхогчид Жэймс Бондын цуврал дээр гардаг “Q” нэрээр таних бөгөөд Q нь 007-д тусалдаг дүрээр гардаг.
MI6-ийн одоогийн дарга Ричард Мур энэ намар Метревелид албан тушаалаа хүлээлгэн өгөх аж. 1900-аад оны эхээр MI6-ийн анхны дарга Мэнсфилд Камминг өөрийн тушаалд “C” үсгээр гарын үсэг зурж эхэлснээс хойш уламжлал ёсоор энэхүү дээд албан тушаалыг “C” хэмээн нэрлэдэг болсон байна. MI6-аас нийтэд ил тод байдаг цорын ганц хүн бол удирдлага нь юм.
Тусгай албаны тэргүүний хувьд олон нийтэд хамгийн нээлттэй ажилласан хүн нь Ричард Мур байв. Тэрбээр тагнуулын салбар болон дипломат албаны хооронд шилжин ажиллаж, нэгэн үедээ Турк улсад Их Британийн Элчин сайдаар ажиллаж байсан туршлагатай. Харин Метревелигийн хувьд олон нийтийн өмнө бараг гарч байгаагүй, бүх насаа тагнуулын албанд зориулсан нууцлаг карьертай удирдагч юм.