- АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп энэ долоо хоногийн 14-16-нд Германд болох Мюнхений аюулгүй байдлын бага хурал дээр Украины гурван жил үргэлжилсэн дайныг зогсоох төлөвлөгөөгөө танилцуулах төлөвтэй байна гэж эх сурвалжууд мэдээллээ.
- • Украиныг Оросын ирээдүйн халдлагаас хамгаалах баталгаа өгөх зэрэг заалтууд багтаж болзошгүй байна. Зарим эх сурвалжийн мэдээлснээр Орос, Украин өмнө нь бие биетэйгээ шууд хэлэлцээ хийхээс татгалзаж байсан ч сүүлийн үед энэ байр суурь өөрчлөгдөж эхэлсэн гэжээ.
- ОХУ одоогоор Украины нутаг дэвсгэрийн 20%-ийг хянаж байгаа бөгөөд 2022 онд Оросын эзэлсэн Донецк, Луганск, Запорожье, Херсон мужуудад явуулсан санал асуулгыг олон улсын зүгээс хууль бус гэж үзээд буй юм.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп энэ долоо хоногийн 14-16-нд Германд болох Мюнхений аюулгүй байдлын бага хурал дээр Украины гурван жил үргэлжилсэн дайныг зогсоох төлөвлөгөөгөө танилцуулах төлөвтэй байна гэж эх сурвалжууд мэдээллээ. Эх сурвалжуудын мэдээлснээр Трамп Оросын Украины эсрэг дайныг зогсоох бүрэн хэмжээний санаачилгаа олон нийтэд зарлаж магадгүй бөгөөд уг төлөвлөгөөний гол хэсгүүдийг АНУ-ын Украин, Оросын асуудал хариуцсан тусгай элч Кит Келлог хэлэлцэхээр төлөвлөж буй аж.
Келлог энэ долоо хоногт болох Мюнхений аюулгүй байдлын бага хурал дээр үг хэлэхээ баталгаажуулаад байгаа. Тэрбээр Трампын засаг захиргааны Украины бодлогын гол төлөөлөгчийн хувьд энхийн хэлэлцээрийн талаар зарим мэдээллийг олон нийтэд танилцуулж болзошгүй гэж ажиглагчид үзэж байна.
Төлөвлөгөөний гол нөхцөлүүд
Одоогоор Трампын энхийн санаачилгын дэлгэрэнгүй мэдээлэл тодорхойгүй байгаа ч дипломат хүрээнд яригдаж буй хувилбаруудын дагуу бол:
• Оросын эзэлсэн нутаг дэвсгэрийн статусыг тодорхойгүй үлдээх
• Украиныг ирээдүйд НАТО-д элсэхээс татгалзахыг шаардах
• Гал зогсоох хэлэлцээр байгуулах
• Украиныг Оросын ирээдүйн халдлагаас хамгаалах баталгаа өгөх зэрэг заалтууд багтаж болзошгүй байна.
Зарим эх сурвалжийн мэдээлснээр Орос, Украин өмнө нь бие биетэйгээ шууд хэлэлцээ хийхээс татгалзаж байсан ч сүүлийн үед энэ байр суурь өөрчлөгдөж эхэлсэн гэжээ. АНУ-ын шинэ засаг захиргаа Москваг Киевтэй энхийн хэлэлцээр хийхгүй бол эдийн засгийн илүү хатуу хориг арга хэмжээ шинээр авахыг анхааруулаад байгаа юм.
Москва, Киев хэлэлцээ хийхэд бэлэн гэж мэдэгдэв
Лхагва гарагт Кремль АНУ-тай харилцаагаа нэмэгдүүлж, дайныг дуусгах асуудлаар хэлэлцэж эхэлсэн гэж зарлав. Хугацаа нь тодорхойгүй буй ч Трамп Путин нарыг утсаар ярьсан талаар мэдээлэл хүртэл гарсан. Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков ОХУ хэлэлцээ хийхэд бэлэн байгааг мэдэгдсэн ч тодорхой саналууд хараахан хүлээж аваагүй гэж тайлбарласан.
Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский ч мөн Оросын Ерөнхийлөгч Владимир Путинтэй шууд хэлэлцээ хийхэд нээлттэй гэдгээ илэрхийлсэн. Гэхдээ тэрбээр АНУ болон Европын холбоо энэхүү хэлэлцээнд зайлшгүй оролцох ёстой гэж онцлов. Зеленский “Украин Европын холбооны гишүүн орон болох учраас бид хэлэлцээний ширээнд Европын холбоог оролцуулах ёстой. Гэхдээ одоогийн байдлаар тодорхой төлөвлөгөө гараагүй байна” гэж мэдэгдэв.
Сонгууль явуулах тухай асуудал хөндөгдөв
Трампын засаг захиргаа гал зогсоох тохиролцоонд хүрсэн тохиолдолд Украинд сонгууль явуулах асуудлыг дэмжиж магадгүй гэж Кит Келлог мэдэгдсэн. Зеленский өмнө нь дайны байдал цуцлагдсаны дараа буюу онц байдлын тухай хуулийг хүчингүй болгосны дараа сонгууль явуулахад нээлттэй гэдгээ илэрхийлж байсан.
АНУ-ын засаг захиргаа Украины дайныг дуусгах асуудлаар талуудтай дипломат яриа хэлэлцээ хийхийг эрчимжүүлж байгаа бололтой. Орос болон Украины тал урьд өмнөхөөс илүү уян хатан байр суурь илэрхийлж эхэлсэн ч энхийн төлөвлөгөөний гол нөхцлүүд талуудын ашиг сонирхолд нийцэх эсэх нь тодорхойгүй хэвээр байна. Тухайлбал, Украины засаг захиргаа Оросын эзэлсэн газар нутгийг хууль ёсны гэж хүлээн зөвшөөрөхөөс татгалзсаар байгаа бөгөөд зөвхөн нутаг дэвсгэрээ бүрэн бүтнээр эргүүлэн авахыг зорьж буйгаа удаа дараа мэдэгдсэн.
ОХУ одоогоор Украины нутаг дэвсгэрийн 20%-ийг хянаж байгаа бөгөөд 2022 онд Оросын эзэлсэн Донецк, Луганск, Запорожье, Херсон мужуудад явуулсан санал асуулгыг олон улсын зүгээс хууль бус гэж үзээд буй юм.
Төлөвлөгөө задарсан уу?
Харин өнгөрөгч долоо хоногт Трампын энхийн төлөвлөгөө задарсан талаар зарим мэдээлэл цацагдаад байсан ч албан ёсоор баталгаажаагүй байна. Newsweek сэтгүүлийн мэдээлснээр Трампын “санаандгүй задарсан” энхийн төлөвлөгөө нь Украиныг Оросын эзлэн авсан газар нутгийг хүлээн зөвшөөрөхийг шаардаж болзошгүй аж. Төлөвлөгөөнд дараах нөхцлүүд багтсан гэж мэдээлжээ. Үүнд: Украины цэргүүд Оросын Курск мужид хийж буй сөрөг довтолгоогоо зогсоож, нутаг буцах, гал зогсоосон бүс нутагт Герман, Франц зэрэг Европын холбооны улсуудаас гадна Их Британийн энхийг сахиулах хүчин хяналт тавих зэрэг багтжээ. Харин АНУ-ын цэргүүд оролцохгүй байхаар дурджээ.
Гэхдээ Трампын төлөвлөгөөнд Оросын эзэлсэн газар нутгийн статусыг тодорхойгүй үлдээх буюу царцаах, эсхүл Орост өгөх санал багтсан бол Киев уг төлөвлөгөөг эсэргүүцэх магадлал маш өндөр юм. Харин албан ёсоор Трампын энхийн төлөвлөгөөний талаарх илүү дэлгэрэнгүй мэдээлэл энэ долоо хоногт болох Мюнхений аюулгүй байдлын бага хурлын үеэр тодорхой болох төлөвтэй байна.