- Ерөнхийлөгчийн ивээл дор Нөмрөгийн дархан цаазат газарт тахь нутагшуулах төсөл хэрэгжүүлнэ.
- Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Чех Улсын Прага хотын амьтны хүрээлэнгийн захирал Мирослав Бобек болон Карлын их сургуулийн төлөөллийг хүлээн авч уулзлаа.
- Хустайн нуруу, Хомын тал зэрэг бүс нутагт тахийн тоо толгой 1,000 гаруйд хүрээд байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор Дорнод аймгийн Халх гол сумын Нөмрөгийн дархан цаазат газарт тахь нутагшуулах төсөл хэрэгжүүлнэ.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Чех Улсын Прага хотын амьтны хүрээлэнгийн захирал Мирослав Бобек болон Карлын их сургуулийн Монгол судлалын төвийн багш, монголч эрдэмтэн Вероника Каписовска нарыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр тэрбээр Прага хотын амьтны хүрээлэн Монгол Улсад 30 гаруй жилийн турш зэрлэг амьтдыг хамгаалах, тэр дундаа тахийг сэргээн нутагшуулах, Говийн их дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны материаллаг баазыг бэхжүүлэх, боловсон хүчнийг чадавхжуулах, судалгаа шинжилгээний ажлыг эрчимжүүлэх чиглэлээр үнэтэй хувь нэмэр оруулж ирснийг онцлон тэмдэглэлээ.
Нөмрөгийн дархан цаазат газарт тахийг шинээр нутагшуулах төсөл, говь, хуурай хээрийн бүсийн экосистемийн үнэлгээ хийх, экологийн хувьд онцгой ач холбогдолтой газар нутгийг тогтоож, тусгай хамгаалалтад авах, үүнд шаардлагатай мэргэжлийн зөвлөгөө, туслалцаа үзүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар боллоо. Хустайн нуруу, Хомын тал зэрэг бүс нутагт тахийн тоо толгой 1,000 гаруйд хүрээд байна.