“SurveyMonkey” судалгааны компаниас дэлхийн есөн улсын иргэдийн дунд санхүүгийн аюулгүй байдлын асуудлаар судалгаа зохион байгуулжээ. Судалгаанд хамрагдсан хүмүүсийн 70 орчим хувь нь хувийн санхүүгийн асуудалдаа “маш их” болон “тодорхой хэмжээнд” санаа зовж байгаагаа илэрхийлжээ.
Судалгаанд оролцогчдын 59 хувь нь санхүүгийн аюулгүй байдлыг өр, төлбөрийн үлдэгдэлгүй байх хэмээн хариулсан бол 47 хувь нь “их хэмжээний” хадгаламж хуримтлуулах нь тэдэнд санхүүгийн аюулгүй байдлыг мэдрүүлдэг хэмээжээ.
Энэхүү санхүүгийн аюулгүй байдлыг бий болгохын тулд зарлага олж буй орлогоос бага байх ёстой гэж 44 хувь нь хариулсан бол 29 хувь нь тогтвортой, сайн цалинтай ажилтай байх хэмээн онцолжээ.
Та хувийн санхүүдээ аюулгүй байдлыг мэдрэхийн тулд дараах гурван алхмыг хэрэгжүүлэхийг мэргэжилтнүүд зөвлөж байна.
Санхүүгийн байдлаа бусадтай хуваалцах
Мөнгө, санхүүгийн нөхцөл байдлаа гэр бүл, найз нөхөдтэйгөө хуваалцах нь олон хүний хувьд хүндрэлтэй санагддаг. Гэвч та тулгарч буй асуудлаа бусадтай хуваалцсанаар илүү найдвартай мэдрэмж авч, уг асуудалд ганцаараа биш гэдгээ ойлгох юм.
Зөвлөгөө авах
Санхүүгийн зөвлөх болон мэргэжлийн хүмүүсээс зөвлөгөө авах нь таны мэдлэгийг нэмэгдүүлж, зорилгодоо хүрэхэд туслах болно.
Төлөвлөгөө гарга
Санхүүгийн аюулгүй байдлыг бий болгоход цаг хугацаа шаардагддаг тул шинээр олж мэдсэн санхүүгийн мэдлэгээ хэрхэн ашиглахаа тодорхойлох, мөн стратеги боловсруулан ажиллах нь үр дүнтэй хэмээн “Next Gen Personal Finance” санхүүгийн боловсролын байгууллагын захирал Янели Эспиналь ярьж байна.