- Цагаан ордны хэвлэлийн танхим сүүлийн саруудад зөвхөн уламжлалт хэвлэл мэдээллийнхэн төдийгүй подкастерууд, TikTok, YouTube, Instagram-ийн нөлөөлөгчдийн анхаарлын төвд оржээ.
- Зөвхөн Цагаан ордон ч бус, Пентагон буюу Батлан Хамгаалах яам мөн хэвлэлийн бодлогоо шинэчилж, суудлын хуваарилалтдаа өөрчлөлт оруулжээ.
- Өнгөрсөн долоо хоногт Пентагон дахин дөрвөн хэвлэлийн байгууллагыг сольж, CNN, Washington Post, The Hill, The War Zone-ыг гарган, оронд нь Washington Examiner, Newsmax, Daily Caller, The Free Press-ийг байрлуулсан байна.

Цагаан ордны хэвлэлийн танхим сүүлийн саруудад зөвхөн уламжлалт хэвлэл мэдээллийнхэн төдийгүй подкастерууд, TikTok, YouTube, Instagram-ийн нөлөөлөгчдийн анхаарлын төвд оржээ.
Трампын Засгийн газар уламжлалт хэвлэл мэдээллээс гадна сошиал медиа нөлөөлөгчдөд мэдээлэл түгээх боломж олгож, Цагаан ордны алдарт хэвлэлийн өрөөний хаалгыг тэдэнд нээсэн байна. Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Левитт хэвлэлийн хурлын үеэр “шинэ хэвлэл мэдээллийнхэнд суудал” бий болгож байгаагаа танилцуулсан юм.
Шахцалдаантай шинэ орон зай
Энэхүү бодлого нь Трампын хэвлэл мэдээллийн стратегитэй тун нягт нийцэж байна. Ерөнхийлөгч Трамп хэвлэл мэдээллийн уламжлалт дүрмийг дагах дургүй, ихэвчлэн өөрийн сошиал медиа платформ болох "Truth Social"-оор дамжуулан томоохон шийдвэрүүдээ зарладаг. Мөн тэрбээр “fake news буюу хуурамч хэвлэл мэдээлэл” гэж нэрлэдэг зарим байгууллагуудыг ил тод шүүмжилсээр ирсэн. Хэвлэлийн өрөөнд хэн ч орж ирж болох ч, багтаамж нь 49 хүнд л суудал хуваарилагдаж болдог. Харин бусад нь зурагчидтай хамт танхимын хоёр талын буланд шахцалддаг. Одоо энэ орон зайд шинэ хэвлэл мэдээллийн төлөөлөгчид нэмэгдэж байна.
Instagram нөлөөлөгчид, TikTok-чид шинэ эрин үеийг эхлүүлэв
Шинэ хэвлэл мэдээллийн суудлыг авахын тулд хүсэлт гаргагчид цахим шуудан, гол сошиал медиа аккаунт, холбоо барих дугаар, шуудангийн код зэрэг мэдээллээ бөглөх шаардлагатай юм. Зөвхөн Цагаан ордон ч бус, Пентагон буюу Батлан Хамгаалах яам мөн хэвлэлийн бодлогоо шинэчилж, суудлын хуваарилалтдаа өөрчлөлт оруулжээ. New York Times, NBC News, NPR, Politico зэрэг хэвлэлүүдийн тусгай байрыг хасч, тэдний оронд New York Post, One America News Network, Breitbart News Network, HuffPost News зэргийг оруулжээ.
Өнгөрсөн долоо хоногт Пентагон дахин дөрвөн хэвлэлийн байгууллагыг сольж, CNN, Washington Post, The Hill, The War Zone-ыг гарган, оронд нь Washington Examiner, Newsmax, Daily Caller, The Free Press-ийг байрлуулсан байна.
Үүнийг зарим нь хэвлэлийн эрх чөлөөнд халдсан үйлдэл гэж үзэж байгаа бол Пентагоны зүгээс “хэвлэл мэдээллийн хүртээмжийг өргөжүүлэх” зорилготой гэж тайлбарлав.
Шинэ хэвлэл мэдээллийн эрин үе айсуй. Түүний үр дүн харин хэрхэн гарахыг цаг хугацаа харуулах биз ээ.