bnr-0
Дэлхийн нэг хүнд ойролцоогоор долоон кг цахилгаан болон цахим хог хаягдал ногдож байна
09 сарын 24, 2024
ХУВААЛЦАХ
  • Судалгаа: 2040 он гэхэд цахилгаан болон цахим хог хаягдлыг яаж устгах вэ гэдэг нийслэл хотын тулгамдсан асуудалд шинээр орж ирнэ.
  • Дэлхийн хэмжээнд нийт хог хаягдлын ердөө 20 хувийг дахин боловсруулж байна.

Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий суурь судалгаанд нийслэлийн ирээдүйд тулгамдах асуудлын нэг нь цахилгаан болон цахим хог хаягдлын устгал, дахин боловсруулах гэж тэмдэглэжээ. Дэлхийн хүн ам 8.1 тэрбумд хүрээд байна. Хүн амын өсөлт болон технологийн дэвшилтэй холбоотойгоор цахилгаан болон цахим хэрэгслийн үйлдвэрлэл жил бүр 2-3 хувиар өсдөг. Дэлхийн хэмжээнд 2016 онд  44.7 сая тонн цахилгаан болон цахим хэрэгслийн хаягдал үүссэн бол энэ хэмжээ 2023 онд 58.2 сая тоннд хүрснээр нэг хүнд ойролцоогоор долоон кг цахилгаан болон цахим хэрэгслийн хаягдал ногдоно гэсэн тооцоог гаргажээ. Хэдийгээр ийм их хэмжээний цахилгаан болон  цахим хэрэгслийн хаягдал дэлхийн хэмжээнд үүсэж байгаа боловч түүний багахан буюу 20 орчим хувийг л дахин боловсруулж байна.Манай орны хувьд 2013 онд явуулсан удаан задардаг органик бохирдуулагч, үйлдвэрийн химийн бодисын улсын нэгдсэн тооллогын тайланд дурдсанаар 26 мянган тонн цахилгаан болон цахим хэрэгслийг импортоор оруулж ирсний 7439.6 тонн бүхий 752 мянган ширхэг нь компьютер, 61.2 тонн буюу 612 мянган ширхэг нь гар утас байжээ.Үүнээс хойших 12 жилийн хугацаанд энэ тоо бараг хоёр дахин өсөж, цахим хог хаягдлыг яаж дахин боловсруулах вэ, эсвэл яаж аюулгүй устгах вэ гэдэг 2040 он гэхэд төв суурин газрын тулгамдсан асуудал болох тул эртнээс бодлогоо тодорхойлохыг судлаачид зөвлөжээ. Харин одоогоор энэ төрлийн хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэрийг Монгол Улсад байгуулахад гарааны зардал нь өндөр, үйлдвэрлэл тасралтгүй ажиллах нөөцийн дутагдалтай гэсэн дүгнэлт гарчээ.     

mobile-logo