2024 онд хөрөнгө оруулахад тохиромжтой хувьцаануудыг хөрөнгө оруулалтын үйлчилгээний UBS банк танилцууллаа. Үнэ цэн нь улам бүр өсөж буйгаас гадна макро эдийн засгийн тогтворгүй орчинд хөл алдахгүй тэсэж үлдэх боломжтой тул “Target”, “Teck Resources”, “General Motors”, “Dell”, “CrowdStrike” тэргүүтэй компанийн хувьцаагаар хөрөнгө оруулалтын багцаа бүрдүүлэхийг санал болгож байна.
Dell
“Dell” компанийн хувьцааны ханш сүүлийн нэг жилийн хугацаанд 200 хувийн өсөлт үзүүлээд байна. Шинжээч Дэвид Фогтын үзэж байгаагаар тус хувьцаа нь цаашид ч өсөх хандлагатай бөгөөд тоохгүй өнгөрөхөд хэтэрхий үнэ цэнтэй, мөн туйлын хямд байгааг онцолж байна.
Фогтын таашаалд нийцдэг өвөрмөц шинж чанарыг өөртөө агуулдаг, үнэ цэнтэй боломж бүхий хувьцаануудын тэргүүнд “Dell” багтдаг байна. Шинжээчийн таамаглаж байгаагаар тус компани хувьцаагаа эргүүлэн худалдан авах төлөвтэй бөгөөд энэ нь хувьцааны ханшийг ойрын саруудад өсөх боломжийг нэмэгдүүлж байгаа юм.
Технологийн салбар нь савлагаатай, тогтвортой бус ч “Dell” компани эрсдэл, өгөөжийн таатай харьцааг санал болгодгоороо давуу талтай аж.
Teck Resources
UBS Канадын металл, уул уурхайн компаниудад шинжилгээ хийх ажлыг эхлүүлээд тун удаагүй байна. Тэдгээрээс “Teck Resources” компанийг 2024 оны хөрөнгө оруулалтын топ сонголтоор нэрлэжээ.
Чилид хэрэгжүүлж буй Quebrada Blanca Phase 2 (QB2) зэсийн төсөл нь хөрөнгө оруулж буй гол шалтгаануудын нэг аж. Энэ төсөл ашиглалтад орсноор “Teck Resources”-ийн зэсийн үйлдвэрлэл эрс нэмэгдэнэ хэмээн UBS үзэж байна. Түүнчлэн “Зэсийн ханш дунд хугацаанд өсөх төлөвтэйгөөс гадна геополитикийн эрсдэл багатай” хэмээн үнэлж буй аж.
Шинжээч Курт Вудвортын үзэж байгаагаар 2024 он “Teck Resources”-ийн хувьд мөнгөний урсгалын хувьд эргэлтийн цэг байх жил аж. Өмнө дурдсан зэсийн төслөөс гадна энэ онд тус компани гангийн үйлдвэрлэлд ашиглагддаг нүүрсний бизнесээ худалдах хэлцлээ эцэслэх хүлээлттэй байна. “Нүүрсний бизнесээс гарч буй нь тус компанийн хувьд эерэг үзүүлэлт гэж үзэж байна. Ингэснээр хөрөнгө оруулагчдын хувьд зөвхөн суурь металлын салбарт анхаарах бололцоо бүрдэх бөгөөд эрүүл, урт хугацааны хөрөнгийн өгөөжийг хүртээх юм” хэмээн Вудворт тэмдэглэжээ.
Он гарснаас хойш хувьцааны үнэ бараг 9 хувиар буурсан хэдий ч “Teck Resources”-ийн ирээдүйн төлөвийн талаар UBS эерэг хандлагатай хэвээр байна.
Target
Шинжээч Майкл Лассер жижиглэн худалдааны томоохон сүлжээ “Target”-ийн талаар өөдрөг байр суурьтай байна. Тэрбээр энэ жил “Target”-ийн борлуулалт, ашиг өсөх төлөвтэй байгааг CNBC-д хуваалцлаа.
Борлуулалтын хэмжээ хүлээгдэж байснаас богино хугацаанд сэргэх, ашгийн маржин тооцооллоос давж өсөх, эсвэл компани таамаглаж байснаас илүү их хувьцааг эргүүлэн худалдаж авах төлөвтэй хэмээжээ.
Энэ онд “Target” төдийгүй жижиглэн худалдааны бусад бизнес сайжрах төлөвтэй байгааг Лассер онцолж байна. 2024 он гарснаас хойш “Target”-ийн хувьцааны ханш 3 хувиар буурсан хэдий ч өсөх боломж байгаа гэж Лассер үзэж байгаа юм.