- Өдөр бүр 15–20 минутыг өөрийн сэтгэл хөдлөлд анхаарч, түүнийгээ гадагшлуулахад зориулаарай. Санаа зовнил, уур бухимдал гэх мэт сэтгэл хөдлөлөө хүлээн зөвшөөрч, дотроо хадгалахгүй байх нь чухал.
- Бусдаас хамааралтай ажлуудад анхаарлаа сарниулахын оронд өөрийн хянаж, удирдах боломжтой ажилдаа төвлөрөөрэй.
- Өдөрт 1–2 цагийг гадаад орчноос өөрийгөө бүрэн тусгаарлаж, хийж буй ажилдаа бүрэн төвлөрөхөд зориулаарай.
Заримдаа ажилдаа төвлөрөх нь бараг боломжгүй мэт санагдах үе бий. Гар утсанд тасралтгүй ирэх мэдэгдэл, өдөр тутмын амьдралын стресс, гаднын хүчин зүйлс бидний анхаарлыг сарниулж, хийх ёстой ажлуудаа цалгардуулахад хүргэдэг.
Тэгвэл аз жаргал судлалын мэргэжилтэн Жессика Вайсс анхаарлаа төвлөрүүлж, үр бүтээлтэй ажиллахад туслах дараах гурван аргыг санал болгож байна.
1. Сэтгэл хөдлөлөө мэдэрч, түүнийгээ гадагшлуул
Өдөр бүр 15–20 минутыг өөрийн сэтгэл хөдлөлд анхаарч, түүнийгээ гадагшлуулахад зориулаарай. Санаа зовнил, уур бухимдал гэх мэт сэтгэл хөдлөлөө хүлээн зөвшөөрч, дотроо хадгалахгүй байх нь чухал. Ингэснээр сэтгэл санаагаа хөнгөлж, эрч хүчээ сэлбэхэд тусална.
Үүний тулд өөрт хамгийн тухтай, тохиромжтой цагийг сонгоорой. Зарим хүмүүс өглөөг санаа зовнилоор дүүрэн эхлүүлдэг бол зарим нь өдрийн дунд эсвэл төгсгөлд илүү бухимдалтай байдаг. Өөрийн мэдрэмжийг сонсож, тухайн цаг үедээ тохируулан тэмдэглэл хөтлөх, дасгал хийх, эсвэл итгэдэг хэн нэгэнтэй ярилцах зэрэг аргуудыг ашиглаж болно.
2. Хянаж чадах зүйлсдээ төвлөр
Бусдаас хамааралтай ажлуудад анхаарлаа сарниулахын оронд өөрийн хянаж, удирдах боломжтой ажилдаа төвлөрөөрэй. Жессика Вайссийн зөвлөснөөр энэ нь стрессийг бууруулж, ажлаасаа авах сэтгэл ханамжийг нэмэгдүүлдэг аж.
Мөн том зорилго тавьж, түүндээ санаа зовохын оронд жижиг алхмуудаас эхэл. Жишээлбэл, борлуулалтын дааж давшгүй том зорилго өөртөө тавьж, түүндээ хоног заахын оронд “өдөрт таван дуудлага хийх” гэх мэт хэрэгжүүлэх боломжтой жижиг зорилтуудыг өөртөө тавиарай. Жижиг даалгавруудаа өдөр бүр биелүүлэх нь өөрийгөө амжилттай байгаагаар мэдрэх боломжийг олгох аж.
3. Бүрэн төвлөрч, өөрийгөө вакумжуул
Өдөрт 1–2 цагийг гадаад орчноос өөрийгөө бүрэн тусгаарлаж, хийж буй ажилдаа бүрэн төвлөрөхөд зориулаарай. Энэ хугацаанд анхаарал сарниулах бүх зүйлийг холдуулж, тодорхой зорилготой ажиллах нь үр дүнтэй.
Таны сонгосон ажил арай хэцүү, гэхдээ боломжийн түвшний сорилттой байх нь чухал. Энэ нь таныг тав тухтай бүсээс бага зэрэг гаргаж, ажилдаа бүрэн автсан, цаг хугацааг умартсан төвлөрөлд хүргэх болно. Ийм байдлаар ажиллах нь сэтгэл ханамж өгч, төвлөрөх чадвараа эргүүлэн олж авахад тусалдаг.
Дүгнэлт
Эдгээр энгийн аргыг өөртөө хэвшүүлснээр гаднын саад тотгор болон стресст үл автан ямар ч үед ажилдаа төвлөрөх чадвараа сайжруулж чадна хэмээн Жессика Вайсс зөвлөжээ.