bnr-0
2025 онд ипотек хамгийн их хүлээлттэй, эрэлт өндөртэй зээл байх болно
01 сарын 07, 2025
ХУВААЛЦАХ
  • Энэ онд олгох ипотекийн зээлийн 44 хувийг орон нутагт, үлдсэн 56 хувийг нийслэлд зургаан хувийн хүүтэй орон сууцны зээл олгохоор төлөвлөсөн.
  • Орон сууцны урьдчилгааг бууруулах боломжгүй, одоогийн 30 хувь нь олон улсын жишиг гэж Монголбанкны ерөнхийлөгч тодотгов.
  • Ипотекийн зээлийг анх удаа байр авч байгаа мөн 50м2 хүртэл, хотын А бүсэд зээлийн хүү 6-9 хувь гэсэн томьёолол яригдаж байна.
  • Ямар ч байсан алга ташилтаар дэмжигдсэн ипотекийн зээлийг маш олон гэр бүл 2025 онд хүлээж, амьдралынх нь нэг утга учир хэмээн шинэ оныг угтлаа.

Энэ онд иргэдийн хамгийн их хүлээж байгаа шийдвэрийн хэрэгжилт ипотекийн зээл олголт. Хэдийгээр санхүүжилт нь тодорхой хэмжээнд шийдэгдэж олгогдож байсан ч маш урт дараалал үүссэн зээл ипотек байгаа. Өргөдөл гаргасан хүсэлтүүдийг шийдвэрлэе гэвэл бараг 2 жил шаардагдахаар зээлийн материал хуримтлагдаад байна.

Эрх баригчдын зүгээс төсөв батлагдахад ипотекийн зээлийн санхүүжилтийг анх удаа 1.2 их наяд төгрөгт хүргэж байгаа гэдэг мэдээлэл олон ниaтийн зүгээс алга ташилт сайн хүртсэн.

Монголбанк зээлийн эргэн төлөлтөөс 500 тэрбум төгрөг, Хуримтлалын сангаас 500 тэрбум төгрөг, арилжааны банкуудаас 200 тэрбум төгрөг гээд нийт 1.2 их наядын санхүүжилт олгох тооцоолол гаргасан. Мөн одоогийн тогтолцоог өөрчилж ялгавартай хүүтэй зээлийн бүтээгдэхүүн бий болбол арилжааны банкуудаас олгох санхүүжилт хоёр их наяд төгрөг хүрэх тооцоо байгааг онцолж байв. Тухайлбал, хотын А бүсэд ипотекийн зээлийн хүү 8-9 хувь зэргээр ялгавартай хүү тогтоох санал ажлын хэсгийн түвшинд яригдаж байгааг салбарын сайд нь мэдээлж байлаа.

Энэ онд олгох ипотекийн зээлийн 44 хувийг орон нутагт, үлдсэн 56 хувийг нийслэлд зургаан хувийн хүүтэй орон сууцны зээл олгохоор төлөвлөсөн.

Одоогийн журмаар ипотекийн зээлд хамрагдахын тулд худалдан авах байрныхаа урьдчилгаа 30 хувийг төлөх шаардлага тавьдаг.  Энэ шаардлага нь иргэдэд хүндрэл учруулж байгаа тул 30 хувийн босгыг байхгүй болгох ёстой гэж үзэх нь бий.  Тэгвэл урьдчилгааг бууруулах боломжгүй, одоогийн 30 хувь нь олон улсын жишиг гэж Монголбанкны ерөнхийлөгч тодотгож байв.

Хөгжингүй орнуудын жишгээс харахад 6 хувь бол бас л өндөр хүү. Гол нь манай улсын бүтээмж бага, эдийн засгийн чадамж сул тул иргэдийн орлого бага байгаа ч банкны системээ хямралд оруулахгүйн тулд 6 дээр барьж байгаа. Эдийн засгийн чадамж нэмэгдэхийн хэрээр энэ хүү буурдаг. 

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Ж.Батсуурь, ипотекийн зээлийг 80 м2 хүртэлх орон сууцанд олгохгүй. 50 м2 хүртэлх байранд ипотекийн зээл олгоно.  Ипотекийн зээлийг анх удаа хүсэж байгаа иргэнд олгоно. Эхлээд байргүй хүмүүсийнхээ хэрэгцээг хангана. 50м2 гэдэг чинь хүн амьдрах боломжтой. Тэрний ард яндан л буурч байх ёстой. Өөрөөр хэлбэл, ипотекийн зээлийг авсан нь хоёр дахин аваад бизнес болгохгүй байх ёстой. Орлогод нийцсэн орон сууцны ипотекийг залуу гэр бүлд. Ялангуяа орон нутаг руу шилжин суурьшиж байгаа иргэдэд түлхүү өгнө.  Дээр нь хүүгийн хөнгөлөлт өгнө. Өмнө нь Улаанбаатар хотод амьдарч байсан иргэдэд энэ зээлийг түлхүү олгож байсан. Зээлийн урьдчилгааг бууруулбал өндөр байгаа эрэлт илүү нэмэгдэх эрсдэлтэй. Харин орон нутагт зээлийн батлан даалтын сангаар дамжуулан урьдчилгаа төлбөрийг 12 орчим хувиар бууруулж байгаа" гэж мэдэгдсэн юм.

Энэ мэдэгдэл гарсны дараа олон нийт хүний худалдан авах эрх чөлөөнд хэт хутгалдсан, өмнөхөөсөө ухарсан зохицуулалт гэж шүүмжилж байсан. Гэвч бодит байдлаа хүлээн зөвшөөрч, 50м2 гэдэг дээр санал нэгдэх байх. 

Цаашид ипотекийн зээлд хамруулахдаа хотын А болон бусад бүсийг тооцож, зээлийн хүүг 6-9 хувийн хооронд ялгавартай тогтоохоор ажлын хэсэг байгуулан, ажиллаж байгаа аж. Халуун намраас хойш энэ асуудал яригдсан ч одоо болтол шийд гараагүй л байна. 

Мөн байрны зээлтэй холбоотой бас нэг анхаарал татсан мэдэгдэл бол хэрвээ бид залуусын орон сууцны зээлийг шийдвэрлэж чадахгүй бол энэ улсад салалт дээд түвшинд хүрлээ. Нэг жилд 20 мянган хос гэрлэлтээ батлуулж, 17 мянган хос цуцлуулж байна. Санхүүгийн сорилтоо даалгүй маш олон гэр бүл салж, хүүхдүүд өнчирч байна. Энэ бүхний сөрөг үр дагавар ажиллах хүчний хомсдол, эх орондоо ажиллаад сайхан амьдарна гэх итгэл нь алдарсан залуус хилийн чанадыг зорьж байна гэж салбарын сайд нь мэдэгдсэн. 

Ямар ч байсан  алга ташилтаар эхэлсэн ипотекийн зээлийг 2025 онд маш олон гэр бүл хүлээж, амьдралынх нь нэг утга учир хэмээн шинэ оныг угтлаа.   

mobile-logo