bnr-0
Түүхэндээ анх удаа Boston Dynamics-ын роботууд “Авьяаслаг Америкчууд”-ын тайзнаа бүжиглэв
06 сарын 18, 2025
ХУВААЛЦАХ
Энэхүү үзүүлбэр нь хиймэл оюун ухаан, роботын хөдөлгөөний нарийвчлал, тайзны уран бүтээлийн уялдаа холбоог хамгийн өндөр түвшинд харуулсан жишээ болж байна.

Америкийн алдарт “America’s Got Talent” буюу “Авьяаслаг Америкчууд” шоуны тайзнаа энэ долоо хоногт технологи, уран сайхны гайхамшиг хосолсон үзүүлбэр толилуулагдлаа. Boston Dynamics компани таван роботыг тайзанд гаргаж, Queen хамтлагийн “Don’t Stop Me Now” дууны аянд төгс хэмнэлээр бүжиглүүлсэн нь шүүгчид болон үзэгчдийг алмайруулав.

Роботуудын хөдөлгөөн нь хүнээс ялгагдамгүй, нарийн синхрончлогдсон бөгөөд зарим хэсэгт тэд уран нугаралтын элемент, эргэлт, эрч хүчтэй дэвсэлтээр үзүүлбэрээ баяжуулжээ. Үзүүлбэр дуусахад танхим даяар алга ташилт нижигнэж, шүүгчид 20 улирлын турш ийм өвөрмөц, сэтгэл хөдөлгөм тоглолт үзээгүй хэмээн шагшин магтав.

Шоуны зохион байгуулагчдын мэдээлснээр, энэхүү үзүүлбэр нь хиймэл оюун ухаан, роботын хөдөлгөөний нарийвчлал, тайзны уран бүтээлийн уялдаа холбоог хамгийн өндөр түвшинд харуулсан жишээ болж байна. Boston Dynamics-ын “Spot” нэртэй дөрвөн хөлт роботыг өмнө нь үйлдвэрлэлийн хүнд нөхцөл, аврах ажиллагаанд ашигладаг байсан бол энэхүү тоглолт тэднийг соёл урлагийн орон зайд ч шинэ түвшинд гаргаж буйг илтгэжээ.

AGT шоу 20 жилийн хугацаанд авьяаслаг хүмүүсийг тайзнаа урьж, дэлхий даяарх үзэгчдийн хайрыг татсаар ирсэн ч энэ удаагийнх шиг хиймэл оюуныг урлагийн хэлээр илэрхийлсэн бүтээл урьд өмнө гарч байгаагүй хэмээн шүүгчид онцолсон байна.

Шоуны дараа үзэгчдийн дунд робот бүжгийн талаар халуун хэлэлцүүлэг өрнөж, олонх нь хиймэл оюуны хөгжил зөвхөн технологийн салбарт бус, хүний сэтгэл хөдлөлийг илэрхийлэх шинэ хэлбэр болж байна гэж үзжээ. AGT-ийн дараагийн шатанд эдгээр роботууд дахин гарч ирэх эсэх нь тодорхойгүй байгаа ч тэд энэ удаад үзэгчдийн сэтгэлд мартагдашгүй сэтгэгдэл үлдээлээ.

“America’s Got Talent” iшоуг Америкийн NBC телевизээр цацдаг бөгөөд гол продюсер нь медиа бизнесмэн Саймон Коуэлл юм.   

mobile-logo