- Булган аймгийн начин Д.Амарсайхан 256 бөхөөс түрүүллээ.
- Гарди Б.Гончигдамба үзүүрлэн, 20 сая төгрөгийн бай хүртэв.
- Түрүүлсэн бөхөд 30 сая төгрөг, их шөвгийн бөхчүүдэд тус бүр 14 сая төгрөгийн шагнал олгов.

“Хүрээ цам–Даншиг наадам”-ын хүчит бөхийн барилдаанд улс, аймаг, цэргийн цолтой шилдэг 256 бөх зодоглож, үндэсний бөхийн өрсөлдөөнт наадам өрнөлөө. Барилдаанд улсын арслан Э.Оюунболд, Р.Пүрэвдагва, гарди Ж.Бат-Эрдэнэ, Ө.Бат-Орших, Б.Гончигдамба, заан Б.Бат-Өлзий, Д.Анар, Б.Батмөнх, Д.Хүдэрбулга тэргүүтэй олны танил хүчтэнүүд зодоглосон нь наадмын өнгийг тодорхойлсон.
Энэ жилийн барилдаанд Булган аймгийн Сэлэнгэ сумын харьяат, улсын начин Д.Амарсайхан онцгой барилдаж түрүүллээ. Улмаар тэрбээр 30 сая төгрөгийн шагналын эзэн болов. Завхан аймгийн Их-Уул сумын харьяат, улсын гарди Б.Гончигдамба үзүүрлэж, 20 сая төгрөгийн бай шагнал хүртсэн юм.
Их шөвөгт Булган аймгийн Бүрэгхангай сумын харьяат, улсын заан М.Өсөхбаяр, Архангай аймгийн Хайрхан сумын харьяат, харцага О.Мөнх-Эрдэнэ нар шалгарав. Тэд тус бүр 14 сая төгрөгийн бай шагнал авсан байна.
Мөн дунд шөвгийн дөрвөн бөх болох Увс аймгийн Улаангом сумын харьяат, гарди Ө.Бат-Орших, Төв аймгийн Баянхангай сумын харьяат, заан Б.Батмөнх, Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын харьяат, начин Б.Лхагвадорж, Булган аймгийн Сайхан сумын харьяат, аймгийн начин Б.Бат-Эрдэнэ нар тус бүр 5.0 сая төгрөгийн урамшуулал хүртэв.
Даншиг наадмын хүчит бөхийн барилдаан нь зөвхөн үндэсний бөхийн ур чадварыг сорьдог төдийгүй нутгийн нэрийг өндөрт өргөсөн шинэ хүчтэнүүдийг тодруулах хүндтэй тэмцээн болсоор байгааг энэ удаагийн барилдаан харууллаа.